Энэ оны хоёрдугаар ээлжийн хугацаат цэрэг татлага өнөөдрөөс эхэлнэ

Энэ оны 2 дугаар ээлжийн хугацаат цэрэг татлагыг 10 дугаар сарын 21-24-нд нийслэлд  зохион байгуулна.

НЗДТГ-ын Цэргийн штабаас өчигдөр нийслэлийн цэрэг татлагын товчооны нэгдсэн хурлыг зохион байгуулсан юм. Хуралд 2021-2022 оны хугацаат цэрэг татлагыг хэрхэн зохион байгуулах, цэргийн анги, цэрэг татлагын комиссууд хэрхэн ажиллах, юунд анхаарах талаар хэлэлцсэн байна.

Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер, хурандаа М.Мөнгөнтулга хэлэхдээ, “Нийслэлийн Засаг даргын 2021 оны аравдугаар сарын А/721 тоот захирамжийн дагуу нийслэлийн есөн дүүрэгт 10 дугаар сарын 21-24-нд эрүүл мэндийн үзлэг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Цар тахалтай холбоотойгоор цэрэг татлагын байрыг тусгайлан бэлтгэсэн бөгөөд УОК-оос гаргасан халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн ажиллана” хэмээн онцлов.

Хугацаат цэргийн албанд татагдсан иргэн иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн бол диплом зэрэг баримт бичгээ биедээ авч, цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй юм.

Дүүргүүдийн цэрэг татлагын байр :

  • Баянгол дүүрэг – “Оюуны ундраа” цогцолбор сургууль /96-р сургууль/
  • Баянзүрх дүүрэг – Ерөнхий боловсролын 14-р дунд сургууль
  • Сүхбаатар дүүрэг – Ерөнхий боловсролын 31-р дунд сургууль
  • Сонгинохайрхан дүүрэг – “Өнөр” цогцолбор сургууль /83-р дугд сургууль/
  • Хан-Уул дүүрэг – Ерөнхий боловсролын 34-р дунд сургууль
  • Чингэлтэй дүүрэг – Ерөнхий боловсролын 5-р дунд сургууль
  • Налайх дүүрэг -Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв
  • Багануур дүүрэг – “Гүн галуутай” цогцолбор сургууль
  • Багахангай дүүрэг – “Хангай” цогцолбор сургууль

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *