Өвөлжилтийн бэлтгэл ажил 78.0 хувьтай үргэлжилж байна

Ховд аймаг өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангасан талаар Хүнс, хөдөө аж ахуйн газраас тодрууллаа. Тус аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 78.0 хувьтай үргэлжилж байна.

Энэ жил Ховд аймгийн 17 сумын 91 багийн нутаг дэвсгэрт 8900 өрхийн 3446.2 мянган мал (хонин толгойд шилжүүлснээр 5201.7 мянган мал) өвөлжиж, хаваржих урьдчилсан дүн мэдээ гарчээ. Үүнд тэмээ 26.5 мянга, адуу 138.7 мянга, үхэр 201.5 мянган тоо толгой байна. Мөн хонь 1182.1 мянга, ямаа 1897.6 мянга байна. Энэ жилийн тухайд малчдын түвшинд 58.6 мянган тонн өвс, 3.0 мянган тонн тэжээл, 7.4 мянган тонн хужир шүү бэлтгэх төлөвлөгөө гаргаж, сумдад хүргүүлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийт 61.1 мянган тонн өвс, 2.1 мянган тонн тэжээл, 6.8 мянган тонн хужир шүү бэлтгээд байна.  

Мөн Засгийн газрын 2021 оны 221 дүгээр тогтоолын дагуу сумын аюулгүйн нөөцөд сум тус бүр 100 тонн өвс, 30 тонн тэжээл буюу нийт 1700 тонн өвс, 510 тонн тэжээл бэлтгэх учиртай. Үүнээс аравдугаар сарын 18-ны өдрийн байдлаар нийт 823.4 тонн өвс, 210.7 тонн тэжээл бэлтгэжээ. Үүнээс гадна тус аймгийн аюулгүйн нөөцөд 300 тонн өвс, 100 тонн тэжээл бэлтгэхээс 200 тонн өвс, 50 тонн тэжээл бэлтгэсэн байна.

Аймгийн хэмжээнд нийт 2155 уст цэг байгаагаас 406 нь инженерийн хийцтэй худаг юм. Мөн энгийн уурхайн худаг 1739, усан сан 10 байна. Үүнээс ашиглахад бэлэн болсон 2017 худаг, уст цэг байгаа юм. Ийнхүү нийт өвөлжих өрхийн 93.1 хувь нь усаар хангагдах тооцоо гарсан аж. Ховд аймгийн хэмжээнд нийт 10030 хашаа байгаагаас 2126 нь бод мал, 7904 нь бог малын хашаа юм. 2021 онд шинээр нийт 68 хашаа барьсан байна. Малын тарга хүч 93.4 хувьтай. Малчдын өвс, тэжээл бэлтгэх, татан авах, хашаа саравч засаж тохижуулах, ариутгал хийх, хоол, хүнс, дулаан хувцас, түлээ, түлшний нөөц бүрдүүлэх зэрэг ажил шат дараатай үргэлжилж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *