Ц.Мөнхцэцэг: Бид үндэсний боловсролын тогтолцоогоо дэмжих хэрэгтэй

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийн онцлох асуудлаар тухайлсан хэлэлцүүлгийг цувралаар зохион байгуулж буй.

Үүний хүрээнд “Ерөнхий боловсролын тогтолцоог олон улсын стандартад хүргэх нь: туршлага, сургамж, гарц шийдэл” сэдвээр эхний хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Ц.Мөнхцэцэг: Бид үндэсний боловсролын тогтолцоогоо дэмжих хэрэгтэй

 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг

“Монгол Улсын боловсролын хэв маяг, тэр дотроо ерөнхий боловсролын загвар аль өнцгөөр явах вэ гэдэг дээр өргөн хүрээтэй дүн шинжилгээ хийж харах ёстой. Сүүлийн 30 жилд Монголын нийгэмд тэгш бус байдал гүнзгийрч, хөрөнгө баялаг зөвхөн цөөхөн хэсгийн гарт орлоо. Энэхүү баялгийн тэгш бус хуваарилалт даамжраад боловсролын салбарт мөн орж иржээ.

Боловсрол бол асар өндөр төлбөртэй, чанартай боловсрол олж авах тэгш боломж хүүхдүүдэд байхгүй байна. Энэ нөхцөлд монголын төр хүртээмжтэй боловсрол буюу нийтийн боловсролыг дэмжих ёстой энэ утгаараа миний хувьд зөвхөн кембриж биш олон улсын аль нэг хөтөлбөрийг нутагшуулах, улмаар цөөн тооны хүүхдийг сонгон шалгаруулалтаар аваад ерөнхий боловсролын сургуулиудаас илүү өндөр хувьсах зардалтай сургуулийн төлбөрийг төрөөс төлөхийг эсэргүүцдэг.

Өнгөрсөн намрын чуулган дээр БСШУСБХ-ны гишүүн Ч.Ундрамын хамтаар тодорхой асуудал дэвшүүлэн хэд хэдэн хэлэлцүүлэг хийсэн. Үүнээс харахад төрийн өмчийн сургуулиуддаа англи хэлний болон байгалийн ухааны сургалтыг илүү чанаржуулж өгөөд нийтийн боловсролын сангаас илүү төсөв зарцуулах юм бол заавал тусгайлсан хөтөлбөрийг хэрэгцүүлэх шаардлагагүй.

Мөн Монгол Улсын таван жилийн үндсэн чиглэлд хүн бүр чанартай боловсрол эзэмших тэгш боломжийг бүрдүүлж, тэгш хамруулах тогтолцоог бэхжүүлнэ гэж заасан. Монголын боловсролын тогтолцоо олон улсад өрсөлдөж чадахуйц байгаа. Иймд бид үндэсний боловсролын тогтолцоогоо дэмжинэ гэдэг байр суурь дээр хатуу зогсох ёстой” хэмээн онцлов.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *