2 яам, 4 агентлаг нэмж байгуулахад 41.6 тэрбум төгрөг төсвөөс зарцуулна
Монгол Улсын 2022 оны төсөвт тусгасанчлан ирэх онд хоёр яам, дөрвөн агентлаг шинээр байгуулагдана.
Хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас гадна
- И-Монгол Академи
- Сахилгын хороо
- Ойн судалгаа, хөгжлийн агентлаг
- Боловсролын ерөнхий газар гэсэн дөрвөн агентлагийг Засгийн газрын харьяан дор байгуулахаар төлөвлөөд байна.
Эдгээр байгууллагыг байгуулахад нийт 41.6 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Хүснэгт. 2022 оны төсөвт тусгасан урсгал зарлага
Улсын төсвийн төсөлд дурдсанаар Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд хөгжлийн бодлого, төлөвлөлт нь тогтвортой байна гэж заасны дагуу Хөгжлийн яам байгуулж байгаа бол төрийн үйлчилгээ болон төрийн байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах арга хэмжээг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах зорилгоор Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулахаар тус тус тооцжээ.
Боловсролын шинэчлэлийг ирэх онд хэрэгжүүлж эхлэхтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд Боловсролын ерөнхий газар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг, цөлжилтөөс сэргийлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг зохицуулалтаар хангах зорилгоор БОАЖ-ын сайдын харьяа Ойн судалгаа, хөгжлийн төвийг өөрчлөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн судалгаа, хөгжлийн газар болгон тус тус байгуулахаар болсон гэгчлэн дурдсан байна.
- Ирэх оны төсвийг УИХ-аар эд хэлэлж байгаа. Тэгвэл Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлтэд дээрх яам, агентлагуудыг байгуулахаар урсгал зардлын ийнхүү төсөвт тусгасан боловч эдгээр байгууллагууд хэзээ байгуулагдах нь тодорхойгүй, бүтэц, орон тоо, чиг үүргийг тогтоосон эрх зүйн баримт бичиг батлагдаагүй байгааг анхааруулжээ.
- “Шинээр байгуулах яам, агентлагийн чиг үүргийг одоо хэрэгжүүлж байгаа байгууллагуудын төсөвтэй уялдуулан, давхардах орон тоо, урсгал зарлагыг судалгаанд үндэслэн дахин тооцоолж, зардал бууруулах боломж байна” хэмээн мөн дүгнэжээ.
Монгол Улс түүхэндээ анх удаа 18 их наяд төгрөг зарцуулах гэж байна. Гэвч төсвийн төсөлд энэ мэт тодорхой тооцоо судалгаагүй, эрх зүйн баримт бичгээр чиг үүргийг нь тогтоогоогүй, нэг ёсондоо түүхий, бүрхгээр хагас зуу орчим тэрбум төгрөгийг тусгаж, төлөвлөжээ.