Нэг удаагийн тариур ашиглан мансуурсан байж болзошгүй 5 залууг саатуулжээ
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “EVA” зочид буудлын өрөөнд мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байж болзошгүй 20-22 насны таван залуучууд байжээ. Тэднийг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад хандсаны дагуу Цагдаагийн алба хаагчид ирж, ажиллахад нэг удаагийн тариур ашиглаж мансуурсан байж болзошгүй гэдэг нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.
Монгол улсад энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын дийлэнх нь 15-45 насныхан бөгөөд 2018 оны 12 сарын байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой асуудлаар шалгагдсан хүмүүсийн дунд дунд сургуулийн сурагч 20, оюутан 64 байна.
Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дунд хийсэн судалгаагаар 65 хувь нь “Найз нөхдөө даган дуурайж”, 19 хувь нь “Ашиг олох” зорилгоор энэ аюултай замыг сонгосон хэмээжээ.
Хил гааль болон Хар тамхитай тэмцэх газрынхан хар тамхитай холбоотой гэмт хэргийг шуурхай илрүүлэх орчин үеийн багаж, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагджээ. Хар тамхи хэрэглэсэн эсэхийг шүлс, шээснээс дээж авч, нэг минутын дотор илрүүлэх бөгөөд уг төхөөрөмжөөр 21 аймгийн цагдаагийн байгууллага, Улаанбаатар хотод давхар эргүүлийн албаныхан хангагдсан байдаг аж. БНСУ-д үснээс дээж авч шинжлэх болжээ.
ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН ҮЕД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ:
- Толгой өвдөх
- Нойргүйдэх, нойр солигдох
- Биеийн жин огцом алдагдаж, турах
- Сэтгэл санаа тогтворгүй болох, айдас түгшүүрт автах
- Нүдний хүүхэн хараа өргөсөх, нарийсах
- Шөрмөс татах
- Хий юм харах
- Нийгмээс тусгаарлагдах зэрэг шинж тэмдэг илэрч болох тул өсвөр насны хүүхэд болон гэр бүлийн гишүүддээ анхаарал, халамж тавихыг цагдаагийн байгууллагаас сануулав.