Ц.Мөнхцэцэг: Төсвөөс боловсролын тэгш хүртээмжийг бий болгох, санхүүжилтыг тэгш хуваарилах зарчмыг баримтлах ёстой

Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлд Боловсролын салбарын санхүүжилтын талаар санал бэлтгэх Ажлын дэд хэсэг хуралдаж байна.

2022 онд төсвийн нийт зарлагын 13 орчим хувь, ДНБ-ны 4.4 хувийг боловсролд зарцуулахаар төсөлд тусгагджээ. Энэ нь хүний хөгжлийн индекс ойролцоо улсуудтай нэг түвшинд, дэлхийн бусад улс орнуудын хувьд дундаж түвшинд байна. Нийт төсвийн тодорхой хувийг боловсролын салбарт тусгах ёстойг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг онцоллоо.

Тэрбээр “Боловсролын салбарт нэгэнт бий болсон тэгш бус байдлыг Кембрижийн сургалт явуулах нэрийдлээр төрөөс улам бүр гүнзгийрүүлж буйн тод жишээг Шинэ эрин болон бусад ЕБС-ийн санхүүжилт хэр зөрөөтэй байгаагаас харагдаж байна.

Кембрижийн хөтөлбөртэй Шинэ эрин сургуульд нэг хүүхдийг сургаж буй урсгал зардал 2.7 сая төгрөг байгаа бол СБД-ийн төрийн өмчит I сургуулийн нэг сурагчид 500 мянган төгрөг, СХД-н 67 дугаар сургуулийн нэг сурагчид 600 мянган төгрөг ногдож байна.

Үүнээс улбаалан нөөцийн хуваарилалт тэгш бус, нэг ангид ногдох сурагчийн тоо, компьютер, тоног төхөөрөмжийн хүрэлцээ, нэг багшид ногдож буй хүүхдийн тооны ялгаатай байдал зэргийг бий болгодог. Улмаар тухайн сургуулиудын төгсөгчдийн ЭЕШ-ын дундаж оноон дээр зөрүү үүсч байна. Иймд төсвөөс боловсролын тэгш хүртээмжийг бий болгох, санхүүжилтыг тэгш хуваарилах зарчмыг баримтлах ёстой” гэв.

Мөн боловсролын салбарт тулгамдаж буй хэд хэдэн асуудал байгааг уг хуралдаанаар онцоллоо. Тухайлбал, засаглал, удирдлага, зохион байгуулалт тогтолцоо оновчтой бус, хот хөдөөгийн боловсролын ялгаа их, хүүхдэд ээлтэй, тэгш хүртээмжтэй бус орчин, чанарын үнэлгээний тогтолцоо сул, хувьсах зардлыг тооцох аргачлал оновчгүй зэрэг асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжийн талаар гишүүд санал бодлоо илэрхийллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *