“Pfizer”-ын вакцины нэмэлт тун 95.6 хувийн үр дүн үзүүлжээ
“Pfizer” компанийн “Ковид-19”-ийн вакцины нэмэлт тун 95.6 хувийн үр дүн үзүүлж буйг хоёр лабораторид явуулсан судалгаагаар тогтоожээ.Энэхүү туршилтад 16-гаас дээш насны 10 мянган хүнийг хамруулж, “Pfizer”, “BioNTech” компанийн гарган авсан вакцины хоёр тунд хамрагдсан тодорхой тооны хүмүүст гурав дахь тунг нэмэлтээр тарьсан байна.
Хоёр компанийн мэдээлснээр, нэмэлт тун нь вакцины “Ковид-19”-өөс хамгаалах үйлчлэлийг сэргээн хоёр тун хийлгэсний дараах түвшинд хүргэж, гурав дахь тунг тариулаагүй хүмүүстэй харьцуулахад 95.6 хувийн үр дүн үзүүлжээ.
“Pfizer”, “BioNTech” энэхүү судалгааны үр дүнгээ АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар, Европын Эмийн агентлаг тэргүүтэй бусад байгууллагад хүргүүлэхээр төлөвлөж байгаагаа мөн мэдэгдсэн байна.
“Хүн амыг коронавирусний халдвараас хамгаалахад нэмэлт тун ямар ашиг тустай болохыг эдгээр үр дүн батлан харуулж байна” гэж “Pfizer” компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурла цохон тэмдэглэснийг дээрх мэдэгдэлд эш татжээ.
“Ковид-19”-ийн вакцины үйлчлэл хэдэн сарын дараагаас суларч буйг олон судалгаагаар тогтоогоод байгаатай холбоотойгоор хэд хэдэн орон нэмэлт тунд хүн амаа хамруулах шийдвэрийг гаргаад буй юм.
Тухайлбал, АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар “Pfizer/BioNTech”-ийн вакцины гурав дахь тунг 65-аас дээш насныхан гэх мэт эрсдэлтэй бүлгийн хүн амд тарихыг есдүгээр сарын сүүлээр зөвлөсөн билээ.Мөн Европын Эмийн агентлаг энэ сарын эхээр 18-аас дээш насныханд “Pfizer/BioNTech”-ийн вакцины нэмэлт тунг тарихыг зөвшөөрснөөр Европын орнуудад аль бүлгийн хүмүүсийг гурав дахь тунд хамруулах шийдвэрийг нээлттэй үлдээжээ.