Б.Лхагвасүрэн: Миний хүү Л.Тэмүүжин Хөгжлийн банкинд газрын захирлаар томилогдсон

Монгол Улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагыг удирдаж буй Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнийн  төрсөн хүү  Хөгжлийн банкны Хөрөнгийн удирдлагын  газрын захирлын албаын  тушаал хашиж буй нь  зохисгүй, ашиг сонирхлын  зөрчил үүснэ   гэх шүүмжлэл,  мэдээлэл цацагдсан.

Энэ талаар өнөөдөр  УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр  Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд  дээрх асуудалтай холбогдуулан асуулт  тавьлаа.

Тэрээр “Сангийн сайд Хөгжлийн банкийг дампуурсан гэж мэдэгдэж байгаа. Монголбанк энэ асуудал дээр ямар дүгнэлт хийж байгаа вэ? Цаашид Хөгжлийн банк энэ чигээрээ байх ёстой юу, дампуурах ёстой юм уу? Хугацаа хэтэрсэн өрүүд яах вэ? 

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хөгжлийн банкны нэг газрын захирал нь таны хүүхэд гэж гараад байна. Энэ үнэн юм уу? Хэрвээ үнэн бол ёстой болохгүй асуудал. Яагаад гэхээр Хөгжлийн банканд шалгалт хийж, тайлагнаж байх ёстой байгууллага нь Монголбанк. Тэгэхээр энэ асуудал хэрвээ үнэн бол маш том ашиг сонирхлын зөрчил болно. Та өөрөө улс төрийн асуудалд орно. Хөгжлийн банк дампуурсан шалтгааныг тантай холбож авч үзнэ”  гэв. 

Дээрх асуултад  Монголбанкны  ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Хөгжлийн банк өөрөө хуультай банк ч юм шиг агентлаг ч юм шиг байгууллага. УИХ-д өргөн барьсан Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль байгаа. Уг нь бол Хөгжлийн банк энэ хуулийн зохицуулалтаар явах ёстой гэсэн байр суурьтай байдаг.

Хөгжлийн банкны хуульд өөрчлөлт ортлоо хяналт шалгалт хийж, дээрээс нь зохицуулдаг зүйл байгаагүй. Шинээр орсон өөрчлөлтөөр төв банкны хяналтад орж байгаа. Төв банкны өнөөдрийн зохицуулалтын хүрээнд арилжааны банкуудыг зохицуулдаг, зохистой харилцаа зэрэг олон үзүүлэлттэй Хөгжлийн банкны үйл ажиллагаа нийцдэггүй. Хэдий тийм ч гэсэн Монголбанк хяналтаа тавиад явж байгаа.Хөгжлийн банкны нийт активын 50 хувь нь чанаргүй болсон.

Миний хүү Л.Тэмүүжин Хөгжлийн банкийг анх байгуулагдсан цагаас нь мэргэжилтнээс эхлэн ажилласан. Сая сүүлд шинээр томилогдсон удирдлагын багт нь нэг газрын захирлаар томилогдсон. Монголбанк тус банкны дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй бөгөөд манай хяналт шалгалт гаргаж байгаа шийдвэр зааварт нь нөлөөлдөггүй. Хөгжлийн банкийг хэвийн ажиллах нь уу, эрүүл байх нь уу, ямар зүйл дээр анхаарч сэрэмжлүүлэхээр байна гэдгийг л дүгнэдэг” гэлээ. 

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *