|

Л.Халтар: Дарханы замын ажлыг УДААН ЯВААСАЙ гэж хүсдэг цөөн хүмүүс бий

Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай автозам ашиглалтад орохгүй өнөөдрийг хүрсэн нь олны бухимдлыг төрүүлж байгаа. Гүйцэтгэгч компанийг дахин шалгаруулах, ковидын нөхцөл байдал зэрэг хүчин зүйл  нөлөөлсөн гэж салбарын яам тайлбарладаг. 

Тус замыг 2022 оны 10-р сард дуусгахаар төлөвлөж байгаа ч ажил гүйцэтгэж буй компаниуд дээрх хугацаанд ашиглалтад оруулж амжихгүй гэх тайлбарыг хэлсэн. Дээрх асуудлаар Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтараас тодрууллаа. 

Тэрбээр “Энэ ажил эхэлсэн нь хамгийн чухал. Санхүүжилт  шийдэгдсэн. Мэдээж 2,4-р багц дээр шалгарсан  компани  хариуцлагагүй хандсан нь үнэн. Бид 2020 оны наймдугаар сараас гэрээ цуцлах асуудлаа тавьж, уг асуудлаар ширүүхэн явсан. Нэлээдгүй маргаан гарсан. Хэрүүл ч болсон. Ажлын тоо хэмжээн дээрээ  хийгээгүй ажлаа хийсэн мэт тайлбарлаж, гүйцэтгэл бичсэн. Тэр гүйцэтгэлийг зөвлөх компани,  яам хүлээн зөвшөөрөхгүй гэдэг маргаан гарсан. Үүнээс болоод 2021 оны хавраас ажил явагдаагүй. Ингээд дахин тендер зарлаад 2021 оны 8,9 сард гүйцэтгэгч нар нь тодорсон.

Ингээд гүйцэтгэгч 2-р багцын  машин явахад хүндрэлтэй хэсгийг хучаад эхэлчихсэн. Дөрөвдүгээр багцын хувьд өвөр хоолойн ажил руугаа орсон байгаа.  Өнгөрсөн долоо хоногт 4-р багцын гүйцэтгэгч нартай яриад өвлийн улиралд хатуу ухмал буюу хад чулуутай хэсгийн ажлыг  хийх   чиглэл өгсөн. 

 

Өнгөрөгч амралтын өдөр зөвлөх компаниуд газар дээр нь ажиллаад Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилттэй багцын ажлын  энэ өвөл хийхээр  болсон. 

Би заримдаа гайхдаг. Дарханы замын ажил  удаан явагдаасай гэж хүсдэг цөөн хүмүүс байдаг юм шиг байна. Төлөвлөснөөр 2022 оны аравдугаар сард  Дарханы замын хөдөлгөөнийг нээхийн төлөө ажиллана. Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй гуравдугаар багц хучигдсан, Европын банкны 1-р багц өнөөдрийн байдлаар 18 км хучаад явж байна. Хавар эхэлсэн 37 км-ын 18 км нь хучигдаад бэлэн болсон. 

Бухимдал байгааг ойлгож байна. Өнгөрсөн хавар, зуны хувьд байдал хүнд байсныг нуухгүй.  70 орчим хоног бороо орсон,  Хонгор суманд   Ковид гараад 14 хоног тэг зогсолт хийсэн. Гэхдээ бид “Бороо ороод байна, Ковид хэцүү байн” гэж уйлан дуугарахгүй  ажлаа шахаад явж байна.

Ирэх жил дуусгахын төлөө бүх хүчин чармайлтаа тавьж ажиллана. Өвөл зарим ажлуудаа хийнэ. Дарханы зам ашиглалтад ороод, та бүхэн энэ замаараа инээгээд зорчино гэдэгтээ 100 хувь итгэлтэй байгаарай” гэлээ. 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *