“И Монгол академи”-ийн төсвийг хэлэлцэх үеэр ХХММТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ гадаад явжээ

Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд шинээр байгуулагдсан И Монгол академи улсын үйлдвэрийн газрын төсөв, үйл ажиллагаатай холбоотой асуулт тавьсан боловч ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ гадаадад томилолттой байгаа тул дорвитой хариулт өгөх албан тушаалтан байсангүй.

Бүтэц, орон тоо, чиг үүрэг нь тодорхойгүй улсын үйлдвэрийн газарт урсгал зардал төсөвлөсөн асуудалд хариулт өгч чадаагүй сайд, дарга нар бантахдаа даргынхаа оронд очсон албан тушаалтныг зад загнасан нь энэ.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Ирэх оны төсөвт И Монгол академи гэдэг улсын төсөвт үйлдвэрийн газар гэнэт ороод ирсэн. Энэ ямар зорилготой байгууллага вэ. Юу хийх гэж 7.8 тэрбум төгрөгийн төсөв тусгасан бэ. Аудитын дүгнэлтээс харахад энэ байгууллага нь хэзээ байгуулагдах нь тодорхойгүй, бүтэц, орон тоо, чиг үүргийн тогтоосон эрх зүйн баримт бичиг батлагдаагүй гэсэн байна.

Дээрээс нь шинээр байгуулагдах яамтай үйл ажиллагаа нь давхцах магадлалтай. Тиймээс энэ хоёр байгууллагын үйл ажиллагааны давхцалыг арилгаж, зардал бууруулах боломжтой гэж аудитын дүгнэлтэд дурдсан байна” гэв.

Цахим хөгжлийн үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Тэнгис “И Монгол академи УТҮГ нь Засгийн газрын 2021 оны есдүгээр сарын 15-ны 283 дугаар тогтоолоор байгуулагдсан. Бүтэц, орон тоог батлах ажлыг ЗГХЭГ-ын даргад даалгасан” гэлээ.

  • Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11 11 төвд дуудлага хүлээн авдаг, цахим мэдээллийн санд хариулдаг операторууд болон мэдээллийн систем байдаг. Энэ чиг үүргийг И Монгол академи хариуцна.
  • Хоёрдугаарт, төрийн байгууллагын бодлого, тушаал, шийдвэр, тогтоолын хүрээнд үүрэг даалгавар болгож өгсөн мэдээллийн системийг хөгжүүлэх, бусад салбарын үйл ажиллагаанд мэдээллийн систем нэвтрүүлэх шаардлагатай бол тэдгээрт мэргэжил арга зүйн дэмжлэгээр хангах ажлыг хариуцна.
  • Мөн төрийн зарим салбар, үйл ажиллагаанд цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлэх зорилгоор чиг үүргийн шинжилгээ, ажлын байрны зураг авалт хийж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх,
  • Дөрөвдүгээрт, иргэдийн болон төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр сургалтын агуулга боловсруулах, сургалт явуулах чиг үүрэгтэй.

Сангийн сайд Б.Жавхлан “Засгийн газрын хэрэгжүүлэхээр зорьж байгаа цахим шилжилтийн хүрээнд И Монгол академийг байгуулсан. Энэ институцын зорилго нь цахим шилжилтийг хэрэгжүүлэх бүхий л бодлогыг зангидаж, хэрэгжүүлэх юм. Ингэхдээ гааль, татварын байгууллагуудын дэргэдэх мэдээлэл технологийн төвийн үйл ажиллагааг нэлээд хумьж, энэ академи руу шилжүүлнэ.  Үндсэндээ Засгийн газрын цахим шилжилтийн бодлогыг И Монгол академи дээр төвлөрүүлж явна. Төсвийн задаргааны талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас нэмж хариулаарай. Төсөв хэлэлцэж байхад Б.Болор-Эрдэнэ дарга өөрөө яагаад байдаггүй юм.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Төрийн захиргаа удирдлагын газрын дарга И Монгол академийн төсвийн задаргааны талаар танилцуулав. Тус газрын төлөөлөл танилцуулгынхаа эхэнд Б.Болор-Эрдэнэ даргыг гадаадад томилолтоор явсныг тайлбарласан. Тэрбээр И Монгол академийн урсгал зардалд 7.9 тэрбум төгрөгийн төсөв тусгагдсан бөгөөд таван нэгж, 149 орон тоотой байхаар төлөвлөгдсөн”  гэв.

 

Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал: Цахим хөгжлийн яамтай чиг үүргийг нь нэгтгээд уялдаа холбоотой ажиллах нь чухал. Агентлаг нь олон асуудлыг бие дааж хариуцаж байгаа. Эстони улсын туршлагаар энэ академийг байгуулах болсныг Ерөнхий сайд хэлж байсан. Гэтэл та нарын байж байгаа царай ийм байна. Ерөнхий сайд ажил урагшлуулах гэж байхад та нарын ойлгож байгаа царай энэ.

И Монгол академийн төсвийн задаргаа: 

  • Цалин хөлсөнд 4.5 тэрбум,
  • Хангамж, бараа материал 174 сая,
  • Эд хогшил, урсгал засвар 433 сая,
  • Дотоод томилолт, бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээ 827 сая,
  • Нэг удаагийн тэтгэмж 395 сая,
  • Сургалтын зардал 60 сая төгрөг төсөвлөжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *