Ч.Бат-Эрдэнэ: Албан тушаалын хууль бус 519 томилгоог хяналт шалгалтаар тогтоосон
Төрийн албаны зөвлөл (ТАЗ) төрийн албаны шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх, Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр 2021 оны гуравдугаар улирлын байдлаар авч хэрэгжүүлсэн ажлын үр дүн, олон нийтийн анхаарал татсан зарим асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Төрийн жинхэнэ албан тушаалд хууль зөрчиж томилсон болон төрийн жинхэнэ албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэн 568 гомдол, мэдээллийг ирүүлснийг хүлээн авч, хуулийн хүрээнд хянан шийдвэрлэжээ.
Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах газрын дарга Ч.Бат-Эрдэнэ :
“2021 онд Төрийн албан тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр нийт 87 ажлын хэсэг байгуулан ажиллаж, нийт 282 байгууллагын 2,543 төрийн жинхэнэ албан хаагчтай холбоотой хяналт шалгалтын болон маргаан хянан шалгах ажлыг зохион байгуулсан аж. Үүний хүрээнд нийт 80 байгууллагын 55 албан хаагчтай холбоотой хууль зөрчсөн шийдвэр эрх бүхий албан тушаалтан гаргасныг тогтоож, хүчингүй болгож, хугацаатай үүрэг даалгавар өгч, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох арга хэмжээ авсан” гэв.
Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж албан тушаалд томилсон нийт 519 хууль бус томилгоог хяналт шалгалтаар тогтоожээ.
Мөн тэрбээр “АТГ-аас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн 115 байгууллагын 280 алба тушаалтныг томилсон шийдвэрт хяналт шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулж нийт 100 албан тушаалтантай холбоотой хууль зөрчсөн томилгоог илрүүлсэн. Цаашид энэ үйл ажиллагааг үргэлжлүүлнэ. Архангай аймагт 88, Булган аймагт 59, Ховд аймагт 55, Хөвсгөл аймагт 93, Увс аймагт 90 төрийн жинхэнэ албан хаагчтай холбоотой хууль бус томилгоог илрүүлж, зөрчил арилгуулах хугацаатай үүрэг даалгавар өгсөн.
ТАЗ нь гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг. ТАЗ-ийн тогтоолыг эрх бүхий албан тушаалтан заавал биелүүлэх зохицуулалт Төрийн албаны тухай хуульд байдаг юм. Үндсэндээ Төрийн албаны зөвлөлөөс гаргасан шийдвэрийн хэрэгжилтийн 60.3 хувь нь зөвлөлөөс тогтоосон хугацаанд биелэгдсэн нь хангалттай үзүүлэлт. Харин заасан хугацаанд үүрэг даалгавар биелүүлээгүй нийт 36 хууль бус томилгооны шийдвэрийг ТАЗ хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хүчингүй болгох арга хэмжээ авсан” хэмээв.
Түүнчлэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд төрийн албан тушаалд томилогдсон албан тушаалтны асуудал олны анхаарлын төвд байгаа.
Үүнтэй холбоотойгоор хэлэхдээ “Энэхүү хуулийн хүрээнд томилогдсон албан тушаалтан бүр хууль зөрчсөн гэж ойлгож болохгүй. Энэ дотор Төрийн албаны тухай хуульд заасан ерөнхий болон тусгай шаардлагаа хангасан, хуулийн хүрээнд томилогдон ажиллаж байгаа олон албан тушаалтан байгаа. Харин хуульд заасан шаардлага хангаагүй иргэнийг албан тушаалд томилсон асуудал тодорхой хувийг эзэлж байна. ТАЗ-өөс холбогдох тооцоо судалгааг гаргаж яваа” гэв.
Мөн Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт 100 хувь цахимжсангэдгийг ТАЗ-ийн удирдлагууд онцолсон билээ.
2021 оны гурав дахь удаагийн төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулахаар товыг нийтэд зарлаж арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс зохион байгуулах бэлтгэл ажлыг хийж эхэлжээ.