Сумын дотуур байрнаас алга болсон сурагч охин 9 хоногийн дараа нас барсан байдалтай олджээ
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Ерөнхий боловсролын 12-р ангийн сурагч охин О энэ сарын 21-ний өдөр дотуур байрнаасаа гарч яваад сураггүй болсон ноцтой хэрэг гарчээ.
Эх сурвалжаас авсан мэдээллээр охиныг дотуур байрнаас гарах үед жижүүр нь байгаагүй бөгөөд нэгэн сурагчаар хаалгыг онгойлгуулж гарч явсан нь камерт бичигджээ.
Гарахдаа гадуур хувцасгүй, пүүзтэй байсан гэнэ. Талийгаач үерхдэг залуутайгаа уулзахаар гарсныг гэрчүүд хэлж байгаа аж.
Охиныг алга болсны мэдээд цагдаагийн байгууллагад мэдэгдэж, эрэн хайх ажлыг зохион байгуулсан ч үр дүнд хүрэлгүй байсаар өчигдөр буюу 2021 оны 10-р сарын 31-ний өдөр Жаргалантын даваа орчмоос амиа алдсан байдалтай олджээ. Талийгаачийг дотуур байрнаас мотоциклтой авч явсан тус сумын харьяат залуу мөн амиа алдсан байдалтай олдсон байна.
ЭРЭН ХАЙХ АЖЛЫГ ЭРЧИМТЭЙ ХИЙГЭЭГҮЙГЭЭС ХУГАЦАА АЛДСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ
Эрлийн ажиллагаа эрч муутай байсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Алга болоод 7 хонож байхад намаржаанд үлдсэн айлын илүү гэр зэргээр орсноос өөрөөр эрэл бараг хийгдээгүй аж.
Энэ талаар цагдаагийн байгууллагын эх сурвалжаас тодруулахад эрлийн ажиллагааг улс орон даяар хийж байгаа гэсэн боловч нөхцөл байдал газар дээрээ өөр байсан байж мэдэхээр байна.
Талийгаач аймгийн төвөөс холгүй амь насаа алдсан байдалтай олдсон нь эрлийн ажиллагаа далайц муутай байсныг нэг талаар харуулж байна.
Охиныг хайж байх хугацаанд бид Зүүнбаян-Улаан сумын Засаг дарга Г.Баасантай утсаар холбогдож тодруулахад “Хайж болох бүхий л газраар хайсан. Хотод хархорин зах дээр адилхан хүн явж байсан гэх сураг гарсан. Тийшээ явна. Ер нь тэр хоёр зугтаж яваа хүмүүс. Байрлалаа өөрчлөөд байж болзошгүй. Мөн охины ирээдүй, нэр төр, учирч болох эрсдлийг бодоод зураг хөргийг нь гаргаж, мэдээлэхгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулсан. Хамгийн гол нь охиныг олох нь чухал байна. Түүний дараа хариуцлага алдсан хүмүүст ямар хариуцлага оногдуулах талаар ярина” гэсэн юм.
СУРГУУЛИЙН ЗАХИРГАА, ДОТУУР БАЙРНЫ БАГШ ХАРИУЦЛАГА АЛДЖЭЭ
Талийгаач охин сургуулийн дотуур байранд амьдардаг. Дотуур байр бол хөдөөгийн сурагчдыг эцэг эхээс нь хүлээн авч амь нас, эрүүл мэндийг нь хамгаалах, сурах нөхцлөөр хангах үүрэгтэй. Гэвч энэ үүргээ хангалтгүй биелүүлснээс сурагч охинд эрсдэлтэй нөхцөл байдал үүсч, амиа алдсан гэж үзэх үндэстэй.
Учир нь охин 24 цагийн жижүүртай дотуур байрнаас гарч явсан нь энд хараа хяналт алдагдсаныг гэрчилнэ. Мөн тухайн өдөр хүүхдүүд бүрэн байгаа эсэхийг шалгаагүй байж болзошгүй.
Учир нь сургуулийн захиргаа, дотуур байрны манаач охиныг хэзээ алга болсон талаар зөрүүтэй зүйл ярьсан гэх мэдээлэл байна.
Мөн охиныг “ар гэрийнхэнтэйгээ таарамжгүй байсан, хамт явсан залуутайгаа амьдарна гэж зөрүүдэлсэн” гэх зэрэг мэдээллийг ар гэрийнхэн нь няцааж үгүйсгэсэн юм.