Жокерын хувцастай этгээд Токиогийн метронд халдлага үйлдэж, 17 хүн шархдуулжээ
Халловины баяраар Жокерын дүрд хувирсан этгээд Токиогийн метронд хүйтэн зэвсэгтэй дайрч, түймэр тавьсны улмаас 17 хүн шархадсан байна. Цагдаагийнхан хэргийн газраас 24 настай этгээдийг баривчилжээ.
Тухайн үед Халловины үдэшлэгт явах гэж байсан олон зорчигч метронд байсан бөгөөд гэрчүүдийн хэлснээр сэжигтэн этгээд тунгалаг шингэн цацаж, гал тавьснаар бүхээг утаанд автсан байна.
Айж цочирдсон зорчигчид метроны цонхоор үсрэн гарч буй нь нийгмийн сүлжээгээр цацагдсан бичлэгээс харагдах аж.
Халдлага орон нутгийн цагаар 20 цагийн үед Кокүрюү буудлын ойролцоо гарсан байна. Сэжигтэн этгээд нил ягаан, ногоон өнгийн хослол өмссөн байжээ. Үйл явдлыг харсан гэрч “Би түүнийг Халловины дүрд хувирсан юм байх л гэж бодсон. Гэтэл урт хутгаар даллаад тийшээгээ алхаж байсан” гэж ярьсан байна.
Шархадсан хүмүүсийн гурав нь хүнд бэртсэн, мөн нэг настай хүн ухаангүй байна гэж Токиогийн гал сөнөөх газраас мэдээлжээ. Нийгмийн сүлжээнд тавьсан бичлэгийг хийсэн нэгэн хүн “Үнэхээр аймшигтай байсан. Метроны хаалганууд хаалттай байсан учраас бид юу болоод байгааг ойлгохгүй цонхоор үсэрсэн” гэжээ.
Сэжигтэн этгээдийг баричвлахад үеэр “би хүмүүсийг алахыг хүссэн, тиймээс цаазын ял авах байх” гэж ярьсан байна.
Японд хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг ховор тохиолддог ч хүйтэн зэвсэгтэй халдлага хэд хэд бүртгэгджээ.
Тухайлбал, өнгөрсөн наймдугаар сард нэг этгээд хутгатай дайрч 10 хүнийг шархдуулсан бол 2018 онд автобус хүлээж байсан сурагчид руу халдаж, гурван хүний аминд хүрч, 18 хүн шархдуулсан байна.
Эх сурвалж: ВВС