Сурагч охиныг “буудна шүү”хэмээн мессеж бичиж сүрдүүлж байжээ
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын төвд байх ЕБС-ийн дотуур байранд байрлаж, суралцдаг байсан 17 настай охин өнгөрөгч аравдугаар сарын 21-ний өдөр дотуур байрнаасаа гарч яваад, сураггүй болжээ. Улмаар охины ар гэрийнхэн болон сумын захиргааны ажилтнууд цагдаагийн алба хаагчид хамтран охиныг хайсаар өчигдөр /2021.10.31/ тус сумын нутаг дэвсгэр дэх Жаргалантын даваа орчмоос охины цогцос олдсон харамсалтай хэрэг гарсан байна.
Тодруулбал, Цагдаагийнхан хэргийн газарт шалгалтын ажиллагаа явуулахад, талийгаач охиныг түүний найз залуу болох 23 настай Б гэгч буудаж, амь насыг нь хохироогоод, дараа нь өөрийгөө буудсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа аж.
Учир нь талийгаач охины утаснаас найз залуу Б-ээс хэрэг болохын өмнө “охиныг буудна шүү” гэж сүрдүүлсэн зурвас олджээ. Охин гадуур хувцасгүй, байрандаа өмсдөг тавчиктайгаа гарсан нь хол явахаар зориогүйг илтгэнэ. Найз залуу гэх хүнээс ирсэн сүрдүүлсэн зурвас, охиныг тавчиктай авч гарсан зэрэг нь эрхшээлдээ оруулж, хүч хэрэглэн сүрдүүлсэн байж болзошгүй гэх хардлага төрүүлж байна.
Хэрэг үйлдэгдсэн газраас ТОЗ-8 маркийн буу, сум зэргийг хураан авч, шинжилгээнд явуулсан ба уг галт зэвсэг нь бүртгэлтэй байсан эсэхийг нягтлан шалгаж эхэлжээ.
Болсон хэргийн тухай Зүүнбаян-Улаан сумын тамгын газрын захиргаанаас тодруулахад “Манай сумын сургуулийн дотуур байранд 90 гаруй хүүхэд байрлаж, суралцдаг. Одоо энэ хэргийн шалгалт үргэлжилж байгаа. Талийгаач охиныг дотуур байрнаас гарч явснаас хойш ар гэрийнхэн нь бидэнтэй хамт хайж байсан. Цагдаа нар одоо гэрчүүдээс мэдүүлэг авч байна. Задлан шинжилгээний хариу гараагүй, шалгаж байгаа гэдгээс өөр мэдээлэл байхгүй байна” гэжээ.