С.Амарсайхан: Эрээний хил хэзээ нээгдэх нь тодорхойгүй, хэдэн ч сар болж магадгүй
БНХАУ-ын Эрээн боомтод коронавирусийн халдвар гарсантай холбогдуулан хилээ хаагаад багагүй хугацаа өнгөрч байна. Тус улсад ирэх оны хоёрдугаар сард өвлийн олимпыг зохион байгуулахтай холбогдуулан дотоодод гарсан халдварыг хумихын тулд маш хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлж буй.
Шадар сайд С.Амарсайханыг сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэр хүлээлт үүсгээд буй эрээний хил хэзээ нээгдэх талаар тодруулахад “Эрээний хил хэзээ нээгдэх нь одоог хүртэл тодорхойгүй байна. Хэдэн сар ч болж магадгүй.
Хятадын талаас хамгийн сүүлийн тохиолдол илэрснээс 21 хоногийн дараа хилээ нээх зохицуулалт барьж байгаа. Хил хаасантай холбогдуулан тасалдаж болзошгүй 18 төрлийн эм, эмийн хэрэгсэл бий. Үүний татаж авахын тулд Хятадын талтай хэлэлцээ хийж, төмөр замын тээврээр зарим бараа бүтээгдэхүүнээ авахаар болсон. Энэ сард нийт 51 тонн ачаа бараа, эм эмнэлгийн хэрэгслийн татан авалт хийнэ” гэлээ.