|

Сурагч охиныг буудаж хөнөөсөн залуу буутай зургуудаа facebook-тээ нийтэлж байжээ

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын төвд байх ЕБС-ийн дотуур байранд байрлаж, суралцдаг байсан 17 настай охин О өнгөрөгч аравдугаар сарын 21-ний  өдөр  дотуур байрнаасаа гарч яваад   10 хоногийн дараа /2021.10.31/ тус сумын нутаг дэвсгэр дэх Жаргалантын даваа орчмоос буудуулж нас барсан байдалтай  олдсон ноцтой хэрэг гарсан юм.

Цагдаагийнхан хэргийн газарт шалгалтын ажиллагаа явуулахад, талийгаач охиныг тус сумын харьяат  23 настай Б гэгч буудаж, амь насыг нь хохироогоод, дараа нь өөрийгөө буудсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа. 

ОХИНЫ АМИНД ХҮРСЭН Б ГЭГЧ ХЭН БЭ? 

Охиныг дотуур байрнаас  нимгэн цамц, тавчиктай авч яваад хээр аваачиж аминд нь хүрсэн Б гэгч нь тус суманд мал маллаж амьдардаг. Цэргийн алба хаасан нэгэн аж. Түүнийг талийгаач охины найз залуу гэх боловч үүнийг  охины ар гэрийнхэн үгүйсгэж байна.

Охиныг алга болдог өдөр сургуулийн орчим уулзаж байхыг нь багш нар харжээ. Улмаар охины ангийн багш  охиныг загнаж зандран утсыг нь хурааж авсан  байна. Гэвч тухайн өдрийн орой нь Б гэгч дахин дотуур байрны гадаа ирж, өөрийнхөө үеэлээр охиныг дуудуулан гаргаж ирээд мотоциклд суулган авч явсан байна.

Б гэгч нь анхнаасаа охины аминд хүрэх санаа зорилго агуулсан байж мэдэх сэжүүр ч олдож. Тодруулбал охины утсанд Б гэгчээс “буудна шүү” гэх сүрдүүлсэн мессеж ирсэн байсан ч сургуулийн захирал эмэгтэй “буу гэж бэлгэвчээ хэлээ биз, пивоо хэлээ биз” хэмээн  үл  тоож, охиныг доромжилжээ.

Мөн Б гэгч нь буу шагайсан зургуудаа эвлүүлэн facebook-тээ нийтэлсэн нь анхаарал татаж байна. Түүний сошиал сүлжээнд нийтэлсэн зурган дээрх буу нь хэрэг үйлдэхдээ ашигласан буу байж болзошгүй.   Хэргийн газраас ТОЗ-8 маркийн буу, сум зэргийг хураан авч, шинжилгээнд явуулсан бөгөөд  бүртгэлтэй байсан эсэхийг шалгаж байгаа. 

Хамгийн гол нь хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн сургуулийн захирал, нийгмийн ажилтан, дотуур байрны багш, жижүүр хариуцлага алдсан  нь илэрхий байна. Эрсдэлд орсон охинд туслалцаа үзүүлээгүй,  хараа хяналтгүй орхисон нь гэмт хэргийн хохирогч болох нөхцлийг нэг талаар бүрдүүлжээ.

Өнөөдөр Өвөрхангай аймгийн төвөөс холбогдох албаныхан тус суманд ажиллаж байгаа юм байна. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй сурган хүмүүжүүлэгч, албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх асуудал  яригдах учиртай.  Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

 

 

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *