Ц.Мөнхцэцэг: Хүүхэд хамгааллын хууль Зүүнбаян-Улаан суманд хэрэгжсэнгүй
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд сургуулийн сурагч бусдын гарт амиа алдсан ноцтой хэрэг гарсан. Уг хэрэг гарах болсон шалтгаан нь малчдын хүүхдийг аав, ээжээс нь бүрэн бүтэн хариуцан авч, амь нас, эрүүл мэндийг нь хамгаалах, суралцах нөхцлөөр хангах үүрэгтэй сургуулийн удирдлага, дотуур байр, нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийн ажилтнуудын хариуцлагагүй, ёсзүйгүй үйлдэлтэй нэг талаар холбоотой.
Тиймээс талийгаач охиныг эрсдэлтэй байдалд байгааг, тусламж хамгаалал хэрэгтэйг мэдсээр байж үүргээ биелүүлээгүй хүмүүст ямар хариуцлага тооцох вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн, УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны гишүүн Ц.Мөнхцэцэг байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “ЕБС-ийн сурагч охин амиа алдсан хэрэг гарсанд үнэхээр харамсаж байна. Сургуулийн орчин, дотуур байр бол хүүхдийн аюулгүй орчин байж, багш, нийгмийн ажилтан эцэг эхээс хол байгаа хүүхдүүдэд анхаарал тавьж, эрсдэлт нөхцлийг үнэлж байх ёстой.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн 6.2-т “Сургалтын байгууллага, албан тушаалтан, багш, ажилтан эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар таамагласан, мэдсэн, илрүүлсэн тохиолдолд Хүүхдийн эрхийн тухай хуулиар үүрэг хүлээсэн оролцогч талуудад заавал мэдээлнэ” гэсэн байдаг.Гэвч Зүүнбаян-Улаан сумын ЕБС-д хүүхэд хамгааллын хууль хэрэгжсэнгүй, багш ажилтнууд нь охиныг эрсдэлт нөхцөлд байна гэдгийг таамаглаж чадсангүй нь үнэхээр харамсалтай.
ЕБС бүрийг хүний эрхэд ээлтэй орчин болгохын тулд сургуулийн бүх ажилтнуудыг хүний эрх, хүүхэд хамгааллын сургалтанд суулгаж, байнга соён гэгээрүүлж байхгүй бол болохгүй гэдгийг энэ эмгэнэлт үйл явдал харууллаа.
Цаашид Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах, Боловсролын тухай багц хуулиудад хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд хамгааллын асуудлаарх эрх зүйн зохицуулалт хийхэд анхааран ажиллах болно.Охины гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ.