Авто замын түгжрэлийг бууруулахад жил бүр 420 тэрбум төгрөг зарцуулна

Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороо хуралдлаа.

Хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалдаг. Тэрбээр хуралдааны эхэнд иргэдийг дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдахыг уриалаад, ирэх оны төсвөөс 420 тэрбум төгрөг нийслэлд анх удаа шийдэж өгч байгааг онцлон тэмдэглэсэн юм. Өмнө нь замын түгжрэл, түүнийг тойрсон асуудалд жилд 30-50 тэрбум төгрөг зарцуулдаг байсан бол ирэх оноос 420 болж, автозамын түгжрэлийг бууруулах ажлыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлэхээр болж байна.

Иргэд нийслэлийн автозамын түгжрэлд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг өнгөрүүлдэг, энэ алдсан боломжийн нийт өртөг 2.7 их наяд төгрөг, байдал хэвээр үргэлжилбэл 2025 он гэхэд энэ тоо 24 их наяд болох тооцоо судалгаа байгаа нь автозамын түгжрэлийг нэн яаралтай шийдвэрлэх арга хэмжээ болсныг Ерөнхий сайдын зөвлөх, уг үндэсний хорооны гишүүн Д.Амгаланбаатар хэллээ. Тэрбээр “Орон нутагт болон дагуул хаяа хотуудад үйлдвэрлэл, жижиг, дунд бизнес, нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэн, ажлын байрыг нэмэгдүүлэх, их, дээд сургуулиудыг хотоос нүүлгэх замаар хот хөдөөгийн хөгжлийн ялгааг багасгах бодлогын хүрээнд төлөвлөгөө боловсруулсан” гэлээ.

Тухайлбал, Улаанбаатар хотын хилийн цэсийг тогтоож, хотын зүй бус төвлөрлийг задалж, хотын дэд төвүүд, хаяа, дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, хотын төв рүү чиглэсэн зорчилтын зорилго, чиглэлийн давхцалыг багасгах ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1.1 сая тээврийн хэрэгсэл байгаагаас 54 хувь нь Улаанбаатарт замын хөдөлгөөнд оролцдог. 2007 онд нийтийн тээврийн хэрэгслээр нийслэлчүүдийн 67 хувь нь үйлчлүүдэг байсан бол энэ тоо өдгөө 54 хувь болж буурсан судалгаа байна. Мөн 2020 оны байдлаар нийслэлд 41364 иргэн орон нутгаас шилжиж ирсний 72 хувь нь ажил орлогоо нэмэгдүүлэх, боловрол эзэмших зорилготой байжээ. Тиймээс хотын автозамын түгжрэлийг сааруулахын тулд орон нутагт ая тухтай, таатай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 14 зорилттой 90 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөгөөнд тусгасныг Ерөнхий сайдын зөвлөх Д.Амгаланбаатар хэлж байлаа. Жишээ нь, Улаанбаатар болон дагуул хотод татварын ялгаатай бодлого хэрэгжүүлэх, орон нутагт бизнес эрхэлбэл татварын таатай орчин бүрдүүлэх, төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах, дэд төвүүдийг орон сууцжуулж, инженерийн дэд бүтцийг шийдэх гэхчлэн олон ажил багтсан байна.

 

 

Мөн Улаанбаатар хотын “Нэг төвт шугаман хот”-ын төрхийг задалж, “Олон төвт хот”-ын загварт шилжүүлж, хөгжүүлэх бодлоготой уялдуулж, автозамын түгжрэл болон нийтийн тээвэрт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээ холбогдох албаны төлөөлөл хэлж байв.

Үндэсний хорооны хурлын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ

– Үндэсний хорооныхон байр сууриа нэгтгэж, шийдэл гарган Засгийн газрын хуралдаанд асуудлаа танилцуулах

– Богдхан төмөр замын ажлыг эрчимжүүлэх

– Тойрог замын ТЭЗҮ-г ирэх оны хоёрдугаар сарын 1-нд бэлэн болгож, танилцуулах

– Цагийн зөрүүтэй байх шийдлийг судлах зэрэг чиглэлийг холбогдох албаны хүмүүст өглөө.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *