Ц.Оюунгэрэл: Туул голын үерийн даланг нурааж буй үйлдэлд нийтийн эрх ашгийг хамгаалахаар шүүхэд хандсан
Нийслэлийн Засаг даргын захирамжаар Туул голын үерийн даланг нурааж байгаа үйлдэлд Нутгийн шийдэл ТББ-аас нийтийн эрх ашгийг хамгаалахаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргахаар болжээ.
Энэ талаар Нутгийн шийдэл ТББ өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нутгийн шийдэл ТББ-ын үүсгэн байгуулагч, захирал Ц.Оюунгэрэл “Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах зориулалттай инженерийн байгууламж болох Туул голын үерийн хамгаалалтын даланг Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нурааж байгаа. Зам тавих захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор Туул голын араар зам тавьж байна. Зам тавих явцдаа Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, үерийн хамгаалалтын даланг аюултай түвшинд хүртэл намсгаж, бүтцийг өөрчлөн нурааж байгаа юм. Бид өчигдөр өргөдөл гаргасан бөгөөд Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазарыг хариуцагчаар татаж өгөхийг нэхэмжлэгчээр Нутгийн шийдэл ТББ зарга үүсгэсэн. Долоон хоногийн хугацаанд шүүхээс энэ асуудал дээр хэрэг үүсэх эсэхийг шийднэ.
Бид аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэх хэрэгтэй. 1966 оны талбай хүртэл үерлэсэн үерийн дараа үерийн даланг байгуулсан байдаг. Энэхүү үерийн далан нь Туул голын үерлэх дээд хэмжээнээс нэг метрээр өндөр өргөгдсөн далан байх ёстой. Гэтэл энэ далан удаа дараа нурааж, нүдэн баримжаагаар 3.5 метрээр доошлуулчихсан.
Авто зам барина гэсэн гэрээн дотор нь даланг хамгаалах, бэхжүүлэх барих талаар болон нураах талаар ямар ч заалт байхгүй байхад авто зам барих нэрийдлээр далангийн стандартыг ноцтой зөрчиж байна. Үерийн далан нийслэлийн сая гаруй иргэдийг хамгаална. Туул гол үерлэвэл нам тал руугаа буюу хотын оршин суугчид амьдарч буй тал руу халина. Холбогдох хуулиараа хотын иргэдээ гамшгаас хамгаалах үүрэгтэй.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Нутгийн шийдэл ТББ -ын итгэмжлэгдсэн хуульчаар ажиллаж буй хуульч, өмгөөлөгч С.Халиунаа
“Зайсангийн гудамжны зүүн гар талын үерээс хамгаалах далан буюу гамшгаас хамгаалах барилгын байгууламжийг зам тавих нэрийдлээр нураах үйл ажиллагаа явагдаж байгаад харамсаж байна. Энэ ажил нь 2021 оны наймдугаар сарын дунд үеэр Хан хиллс хотхоноос Зайсангийн гүүр хүртэлх замын бургасуудыг хядах ажлаар эхэлсэн. Барилгын компаниуд замаа цэвэрлэж байна гэж хэлдэг.
Тухайн үед нь СӨХ болон иргэд нь даланг яагаад нурааж байгаа талаар асуухад үерийн даланг бэхжүүлж байна гэх хариулт өгдөг байсан. Хан-Уул дүүргийн 60 мянган иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөтэй холбоотой өндөр эрсдэл үүсчхээд байна. Сүүлийн жилүүдэд том үерүүд их болж байна. далан бол инженерийн барилга байгууламж юм.
1966 оны их үерийн талаарх мэдээлэл интернэтэд ахмад үеийнхэндээ хандаж хэлэхэд тухайн үеийн үерийн баримтуудыг залуучууддаа хуваалцаач гэж хүсмээр байна. Туул гол тухайн үед Их дэлгүүр, талбай хүртэл үерлэж байсан учраас хоёр далан тавьж байсан юм. Одоо Зайсангийн гүүрний далангаас Дунд голын гүүрний бүх айлууд үүнд анхаарал хандуулаасай гэж хүсмээр байна” гэв.