Э.Батшугар : Эдийн засаг, хөгжлийн яам байгуулах нь цаг үеэ олсон зөв шийдвэр
УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна. УИХ-ын гишүүн Э.Батшугар санал хэллээ.
Тэрбээр “Эдийн засаг хөгжлийн яамд хамгийн чухал зүйл бол мэргэжлийн макро эдийн засаг болон мөнгөний бодлогыг харж чаддаг боловсон хүчин хэрэгтэй байна. Эдийн засаг, хөгжлийн яам байгуулах нь цаг үеэ олсон зөв шийдвэр.
Өнөөдөр АНУ-ын эдийн засгийн байдлыг харахад үнийн өсөлт сүүлийн 30 жилд байгаагүй өндөр түвшинд хүрлээ. Манай хөрш БНХАУ-ын үйлдвэрлэлийн инфляци 13.5 хувьд хүрсэн нь сүүлийн 26 жилд байгаагүй өндөр тоо. Дэлхийн хамгийн өндөр эдийн засагтай хоёр орны үнийн өсөлт манай оронд хальж орж ирэх нь тодорхой. Тиймээс бид ард иргэд болон ААН-үүдийнхээ бодит орлогыг хамгаалахын тулд сөрж бодлого боловсруулах ёстой. Монголбанк дангаараа энэ бодлогыг боловсруулж чадахгүй.
ДНБ-ний томъёо нь хэрэглээ, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, Засгийн газрын төсөв болон экспорт. Үүнийг Монголбанк эсвэл Засгийн газар дангаараа өсгөж чадахгүй” гэв.