Японд “Pfizer”-ын вакцины нэмэлт тунг тарихыг зөвшөөрчээ

Японы Эрүүл мэндийн яам “Pfizer” компанийн “COVID-19”-ийн вакцины нэмэлт тунг 18 болон түүнээс дээш насныханд тарихыг зөвшөөрч, ирэх 12 дугаар сараас эмнэлгийн ажилтнуудыг гурав дахь тунд хамруулж эхлэхээр шийдвэрлэжээ.

Хилийн чанадад хийсэн судалгаануудаар вакцины үүсгэдэг эсрэг биетийн түвшин цаг хугацааны явцад багасаж, вакцин ойролцоогоор зургаан сарын хугацаанд үйлчилдэг болохыг тогтоогоод байгаатай холбогдуулан энэхүү шийдвэрийг гаргасан байна.

Эмнэлгийн ажилтнуудыг дархлаажуулсны дараа буюу нэгдүгээр сараас “Pfizer”-ын вакцины хоёр тунд хамрагдсан хүмүүс нэмэлт тунд хамрагдах боломжтой болно. Түүнчлэн Засгийн газар гуравдугаар сараас ажлын байран дээрээ вакцин хийлгэх нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөж байна.

Эрүүл мэндийн яамны ажлын хэсэг “Pfizer”-ын вакцины нэмэлт тунд 18-аас дээш насныхныг хамруулсан судалгаанууд, АНУ тэргүүтэй иргэдээ вакцины нэмэлт тунд хамруулж буй орнуудад бүртгэгдэж буй халдварын тохиолдлын тоог харгалзан ийнхүү шийдвэрлэжээ.

“Pfizer”-ын эмнэлзүйн туршилтаар вакцины гурав дахь тун саармагжуулах эсрэг биетийн түвшнийг хоёр дахь тунгийн дараахаас 3.3 дахин нэмэгдүүлж буйг тогтоожээ. Мөн өөр нэгэн туршилтаар нэмэлт тунг хоёр дахь тунгаас 11 сар орчмын дараа хийхэд 95.6 хувийн үр дүн үзүүлсэн юм.

Эрүүл мэндийн яам “Moderna”-гийн вакцины нэмэлт тунгийн талаар 12 дугаар сарын сүүлээр хэлэлцэх төлөвтэй байна. Японд 10 дугаар сарын эцсийн байдлаар, хүн амын 70 гаруй хувь нь вакцинд бүрэн хамрагдаад байсан юм. Тус улсад хоёрдугаар сараас эмнэлгийн ажилтнуудыг, дөрөвдүгээр сараас ахмад настнуудыг вакцинжуулж эхэлсэн билээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *