Л.Оюун-Эрдэнэ: Тавдугаар сарын 1-нээс хилээ нээх асуудлыг ЗГ-ын хуралдаанд оруулна
Монгол Улс хилээ хаагаад яг нэг жилийн хугацаа өнгөрч байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны тавдугаар сарын 1-нээс вакцинжуулалтад хамрагдсан иргэдэд хилээ нээх асуудлыг судалж үзсэн бөгөөд ирэх Лхагва гарагт болох Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.02.25/ аялал жуулчлалын салбарынхантай өглөөний уулзалт хийх үеэрээ Монгол Улс хилээ нээх асуудлаар дараах байр суурийг илэрхийлсэн юм.
Тэрээр “Тавдугаар сарын 1-нээс хил нээх эсэх шийдвэр нь хоёр зүйлээс шалтгаална. Вирусийн халдвар гэдэг гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй учраас дэлхий нийтэд хүндрэл их байна. Бидний өнөөдрийн баримталж буй халдвар хамгааллын дэглэмийг иргэд сайн барьж, вакцинжуулах ажил тасалдахгүй байж, нийт иргэдийн 50-иас дээш хувийг вакцинжуулах төлөвлөгөөг хийсэн. Энэ ажлыг богино хугацаанд хийнэ.
Бид аялал жуулчлал, хувийн хэвшлээ аль болох хурдан эргэлтэд оруулахын тулд вакцинжуулах ажлыг зохион байгуулж чадвал вакцинжуулалтад хамрагдсан иргэдэд хил нээлттэй байх асуудлыг тавдугаар сарын 1-нээс өмнө шийдэж чадах байх гэж бодож байна.
Гэхдээ шууд амлахад амаргүй. Ингэхийн тулд Засгийн газар чадах чинээгээрээ ажиллана. Нөхцөл байдал, вакцинжуулалтаа дүгнээд тавдугаар сарын 1-нээс хил нээх асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулна гэдгийг зарлаж байна. Тиймээс аялал жуулчланы салбарынхан та бүхэн төлөвлөлтөө хийж болно” гэлээ.