Л.Оюун-Эрдэнэ: Авлигын хэргээр ял эдэлбэл төрд ажиллах эрхгүй болгоно
Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдааныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалдаг. Тэрбээр “Би Ерөнхий сайдаар томилогдоод дөрвөн зорилт дэвшүүлсний нэг нь авлигатай тэмцэх. Монгол Улс авлигын индексээр 111-т жагсаж байна. Энэ маш муу үзүүлэлт. Авлигыг бууруулахын тулд хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Учир нь, өнгөрсөн 30 жилийн хугацаанд бүрэлдэж бий болсон манай нийгмийн соёл, хөрсөөр төрийн үйлчилгээний хүнд суртлын асуудалтай бид нүүр тулж байна.
Хэн нэгэн таньдаг хүнээ өмгөөлөх үйлдэл Ерөнхий сайдаас гарахгүй. Өнгөрсөн хэдэн сарын хугацаанд авлига, албан тушаалтай холбоотой 1196 гомдол, мэдээлэл ирснээс 741 нь шалгагдаж, 142 холбогдогчтой 85 хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байна. Үндэсний хороо байгуулагдсанаас хойш ийм олон хэрэг гарсан нь харамсалтай. Эндээс 90.3 тэрбум төгрөгийн хохирол улсад төлүүлсэн байна.
Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хууль, Улс төрийн намын тухай хуульд санхүүжилтийг нь ил тод болгохоор ажиллаж байна. Авлига албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгана. Ийм төрлийн хэргээр ял эдэлбэл цаашид төрд ажиллах эрхгүй байх зохицуулалтыг хуульд тусгана” гэлээ.
Үндэсний хороо олон улсын Транспэрэнси байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. Тус байгууллагаас ТӨҮГ-уудын засаглалыг сайжруулах, төрийн үйлчилгээг илүү цахимжуулах зэрэг есөн зөвлөмж өгчээ. Манай улс хоёр жилийн дотор авлигын индексийг хоёр оронтой тоонд шилжүүлэх зорилт тавиад байгаа.
И-Монголиа өнөөдрийн байдлаар 56 байгууллагын 562 үйлчилгээг үзүүлж байна. Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд өнгөрсөн долдугаар сарын 22-ноос арваннэгдүгээр сарын 4-ний хугацаанд 1860 дуудлага ирсний 20 нь авлигын гэмт хэргийн шинжтэй байсныг АТГ-т шилжүүлжээ. Мөн хүнд сурталтай холбоотой 1052 гомдол ирсэн байна.
АТГ-т 2021 оны эхний арван сард 1913 өргөдөл гомдол, мэдээлэл ирсэн. Үүнээс 1089 буюу 57 хувь нь газрын харилцаатай холбоотой байжээ.
Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хорооны орлогч дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, АТГ-ын дэд дарга Г.Азжаргал нар Үндэсний хорооны хуралд танилцуулга хийсний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сургуулийн хуваарь солих, эмнэлэгт хүн хэвтүүлэх, цэцэрлэгт өөр хаяг дээр бүртгүүлэх, тусгай зөвшөөрлүүдийн цаана авлигын хүнд суртал үүсдэг. Үүнийг манайхан авлига гэж үздэггүй. Эдгээрийг төрийн үйлчилгээг цахимжуулж байж шийднэ” гээд дараах үүрэг, чиглэлийг өглөө.
-Иргэд төрд гарч байгаа авлигатай холбоотой мэдээллээр хаана хандахаа мэдэхгүй байгаа нь судалгаагаар харагдсан. Иймд Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах 11-11 дугаарын эргэх холбоог шинэ түвшинд гаргах.
-Улс төрийн намын санхүүжилттэй холбоотойгоор намуудын удирдлагуудтай Үндэсний хорооныхон уулзаж, иргэний нийгмийн байгууллагуудын дуу хоолойг сонсох
-Төрийн албаны ёс зүйн дүрэм боловсруулах. Ураг төрлийн томилгоо, тэтгэлэгт хөтөлбөрт давуу эрх олгодог зэрэг асуудлаас гадна хөрөнгө орлогын мэдүүлэгтээ машингүй гэж мэдүүлсэн хэр нь хамаарал бүхий этгээдийнхээ нэр дээр автомашинтай байдаг. Энэ мэт асуудалд цэг хатгах үүднээс ёс зүйн дүрэм боловсруулах.
Газар, уул уурхайн лицензтэй холбоотой зөвшөөрлийг ондоо багтааж цэгцлэхийг холбогдох албаныханд чиглэл болголоо.