Меркель хоёр өдөр дараалан Путинтэй утсаар ярьжээ

Германы Канцлерын үүрэг гүйцэтгэгч Ангела Меркель хоёр өдөр дараалан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж, Украины нөхцөл байдал, ЕХ болон Беларусийн хил дээр үүссэн цагаачлалын хямралын талаар ярилцжээ.

Германы Засгийн газрын цахим хуудсанд мэдээлснээр, Меркель Украины зүүн нутгийн байдлыг тайван замаар зохицуулах тухай Минскийн гэрээг хэрэгжүүлэхийн тулд Нормандын хэлбэрээр хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг ОХУ-ын Ерөнхийлөгчид уриалсан байна.

Меркель, Путин нар мөн Беларусь-Польшийн хил дээр үүсээд буй нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцжээ. Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, хоёр орны удирдагчид цагаачлалын хямралыг эрт зохицуулах нь чухал гэдэгтэй санал нэгдсэн байна.

Германы Канцлерын үүрэг гүйцэтгэгч өмнө нь 11 дүгээр сарын 10-ны өдөр Путинтэй утсаар ярихдаа, Минскийн дэглэмд үзүүлэх нөлөөгөө ашиглахыг түүнд уриалжээ.

Латви, Литва болон Польштой залгаа Беларусийн хил дээр үүссэн цагаачлалын хямрал 11 дүгээр сарын 8-ны өдөр эрс хурцадсан юм. Хэдэн мянган хүн Беларусийн талаас Польшийн хил дээр ирж, хилийн бүсээс гарахгүй бөгөөд зарим нь Польшийн нутаг дэвсгэрт нэвтрэхийг оролдож, өргөст торыг эвджээ.

ЕХ-ны орнууд Минскийг хямралыг зориудаар хурцатгаж байна гэж буруутгаж, хориг арга хэмжээ авахыг уриалж байна. Харин энэ байдалд барууны орнууд өөрсдөө буруутай, тэдний үйлдлээс болж хүмүүс дайнаас зугтаж байна гэж Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко мэдэгджээ. 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *