Ирэх онд төсвийн орлого 16.4 их наяд төгрөг, зарлага 18.2 их наяд төгрөг байхаар батлав

Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн нийт орлого 16.4 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 18.2 их наяд төгрөг байхаар УИХ-аас батлав.

Ингэснээр төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьд хүрч, эдийн засаг 5 хувиар өсөхөөр байгаа юм.

Тодруулбал, УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн дөрөв дахь хэлэлцүүлгийг хийсэн юм.

Төр зардлаа танаж, цомхон чадварлаг бүтцээр ажиллах, төрийн үйлчилгээний санхүүжилтийн механизмыг өөрчлөх замаар боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, халамжийг цэгцэлж хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, ирээдүйн өв сангийн өгөөжийг нэмэх, хотын түгжрэлийг бууруулах зэрэг томоохон зорилт тавьсан байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг сахиулах, улсын онц чухал обьектын хэвийн ажиллагааг хангах, халдлагаас урьдчилан сэргийлэх, хамгаалалтын дэглэм журмыг сахиулах, хил хамгааллын чадавхыг бэхжүүлэх төсвийг тооцжээ.

Мөн согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэхэд цахим гав нэвтрүүлэх, цахим виз олгох, экологийн шинжээч ажиллуулж, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт үйлдлийн байгаль орчинд учирсан хохирлыг шинжлэн тогтоох зэрэг нийгмийн харилцааг зохицуулах төсвийг тусгажээ.

Түүнчлэн шүүх эрх мэдлийн бие даасан байдлыг бэхжүүлэх, шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороог бие даан ажиллуулах, шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнг байгуулах, шүүхийн үйлчилгээг иргэнд хүртээмжтэй хүргэхэд чиглэсэн байдлаар төсвийг санхүүжүүлэхээр тооцсон байна.

Дээрх бодлогын үр дүнд Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн нийт орлого 16.4 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 18.2 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьд хүрч, эдийн засаг 5 хувиар өсөхөөр Засгийн газар төсөөлжээ.

Ташрамд дурдахад, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний  хүрээнд олгож буй гурван хувийн зээлийн хэмжээ ирэх онд 91 тэрбум төгрөгөөр буурна гэдгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн өчигдөр болсон чуулганы үеэр мэдээлж байв. Учир нь ирэх төсөв хэлэлцэх үед УИХ-ын гишүүд 91 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, их засвар, тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэх санал гарсан байна. Энэ эх үүсвэрийг зээлийн хүүгийн татаасаар арилжааны банкуудад олгох хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн гэсэн юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *