Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Б.Жамъяандагва таалал төгсжээ
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголд балетын урлагийг үндэслэгч, нэрт сурган хүмүүжүүлэгч Балжиннямын Жамъяндагва 2021 оны 11-р сарын 11-ний өдөр 89 насандаа таалал төгсжээ. Тэрбээр 1932 оны намар Завхан аймгийн Тэлмэн суманд төржээ.
Б.Жамъяндагва 1946-1954 онд Офицерийн сургууль, 1954-1962 онд ЗХУ-ын Москва хотын А.В.Луначерскийн нэрэмжит Театр урлагийн дээд сургуулийг найруулагч, балетмейстерийн мэргэжлээр төгссөн.
Офицерийн сургуульд сурч байхдаа сургуулийнхаа дэргэдэх бүжгийн дугуйланд орсноор төрөлхийн авьяас нь тодорч, улмаар Ардын цэргийн дуу, бүжгийн чуулгын дагалдан бүжигчнээр орсноор урлагийн гараагаа эхэлсэн байна. Бүжиглэхийн зэрэгцээ бүжиг дэглэх их ажлынхаа эхлэлийг тавьжээ.
Түүний ажил амьдрал Монголын балетын урлагтай холбоотой байсан бөгөөд сургуулиа төгсөж ирснээс хойш хагас зуун гаруй жил Улсын дуурь, бүжгийн театрт олон арван сонгодог болон үндэсний, орчин үеийн бүжгэн жүжгийг найруулан тавьсан авьяас билэгтэн юм.
Тухайлбал, Шехеразада, Цэнхэр нүдэн бүсгүй, Эсмеральда, Дон Кихот, Хунт нуур зэрэг дэлхийн сонгодог балет, Уран хас, Мөнгөн залаа, Анчин ба согоо, Үйлийн гурван толгой, Бөртэ чоно зэрэг үндэсний болон орчин үеийн балетийг тайзнаа амилуулсан нь Монголын балетийн урлагийн урын санд мөнхөд хадгалагдан үлдлээ.
Монголын сонгодог урлагийн нэрт зүтгэлтэн, балетмейстер, найруулагч Б.Жамъяндагвын уран бүтээл, хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж:
- 1973 онд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн
- 1991 онд Монгол Улсын Төрийн шагнал
- 2003 онд Монгол Улсын Ардын жүжигчин
- 2008 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор тус тус шагнажээ.