УИХ “үзэл суртлын талбар” болсон уу?
Монголын эмэгтэйчүүдийн хороог 25 жил удирдсан ХХ зууны монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч Сономын Удвалын 100 жилийн ой энэ онд тохиож байгаа.
Тус ойн хүрээнд Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны захиалгаар жүжигчин Г.Ундармаагийн үүсгэн байгуулсан "Ю Фильм" уран бүтээлийн нэгдэл "Улаан Цэцэг" уран сайхны киног бүтээж буй юм.
Киноны нээлтийн тов 2022 онд ч гэлээ аль хэдийн зарлалаа хадаж, зах зээлд нэрээ багтаах гэж оролдоод эхлэв бололтой. УИХ-ын чуулганаар завсаргүй хадсан сурталчилгааны хуудсыг хүн бүр харсан биз.
Өглөө эхэлсэн чуулганы нээлт дээр УИХ-ын дарга Г.Занданшатар “Тэмдэглэлт өдөр тохиож байна” хэмээн нэрт зүтгэлтнийг нэг дурсаад, “үйл ажиллагааны танилцуулга” гэх хуудсыг гишүүн бүрт цэцэгт мэндчилгээ болгон барьсан тухай дурдаад авсан.
Тэгвэл тараасан хуудасны ард талд өнөөх алдарт “Улаан Цэцэг” УСК-ны сурталчилгааны зураг тодхон харагдах бөгөөд гишүүд шилэн хоргон дээрээ тогтоон барьж, чуулганы туршид “идэвхижүүлэх ажил” хийж өгөв бололтой.
Хэдий Удвал ахайтан ХХ зууны нэрт зүтгэлтэн, аргагүй дуурсагдах ачтай нэгэн ч МАН-аас нэр дэвшин сонгогдсон Б.Оюунгэрэлийг 2018 онд Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгчөөр сонгон томилж байсан юм.
Хэрвээ үнэхээр нэрт зүтгэлтний хөдөлмөрийг дурсан санаж, дэлгэцийн бүтээл болгох ажлаа нам төртэйгөө хольчхоогүй сэн бол Засгийн Газар биш “Зарын Самбар” болсон мэт сэтгэгдэл түмэн олонд төрөхгүй л байсан биз…
Ташрамд хэлэхэд тус дэлгэцийн бүтээл ирэх оны эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр олны хүртээл болох юм гэнэлээ.