Элон Маскын ээжийн 3 хүүхэдтэй өрх толгойлсон, ядуу амьдралаас амжилтад хүрсэн түүх
Энэ жил 73 настай Мей Маскын амьдралын түүхийг сонсохоор үнэхээр хүн гэдэг хэр тэвчээр хатуужилтай, мундаг болохыг ойлгодог. Тэрбээр үргэлж одоогийх шигээ олон сая дагагчтай, үлгэр жишээ амьдралыг цогцлоосон модель нэгэн байсангүй. Хэдийгээр Мей Канадад төрсөн боловч бага байхдаа аав ээжтэйгээ хамт Өмнөд Африк улс руу нүүж очсон байдаг.
Тэнд өсч хүмүүжсэн Мей дөнгөж 15-хан настайдаа моделиор ажиллаж эхэлсэн бөгөөд ахлах сургуулийн сурагч байхдаа Иррол Маск нэртэй чинээлэг инженер эртэй танилцсан байна. Ингээд орь залуу 20-иод насаа хүчирхийлэгч нөхрийн хажууд өнгөрүүлсэн байдаг. Түүний экс нөхөр нь Мейд бие махбодь болон сэтгэлзүйн маш их дарамт, хүчирхийлэл үйлддэг байсан юм. Мей хүчирхийлэгч нөхрөөсөө салахыг хүссэн боловч Өмнөд Африк улсад гэр бүл цуцлуулах хууль байгаагүй, гэр бүлийн зөрчил маргааныг сүртэй асуудалд тооцдоггүй, авч хэлэлцдэггүй байжээ.
Улмаар Мей бүр 31 нас хүрч, 3 хүүхэдтэй болсныхоо дараа л, Өмнөд Африк улсад гэрлэлтийн хуулинд өөрчлөлт оронгуут хүүхдүүдийнхээ төлөө тэмцэхээр эргэлт буцалтгүй шийджээ. Тэрээр бяцхан Илон (одоо Tesla, SpaceX-ын CEO), Кимбал (органик хоолны магнат), Тоска (кино найруулагч, продюсер) нартай амьдралаа шинээр бүтээхээр дүрвэн явсан байна. Энэ аялал нь 10 гаруй жилийн хугацаанд 2 өөр тив, 3 өөр улс, 8 хотоор үргэлжилсэн гэдэг.
Мейгийн амьдралын үндсэн зорилго нь хүүхдүүдээ хэрхэн өлсгөхгүй байх л байсан бөгөөд хожим Канадын Торонто хотноо өөрийн гэсэн байранд нүүж ороод жаахан ч гэсэн уужирч амьсгаа авчээ. Тэдэнд тавилга худалдан авах мөнгө байгаагүй тул Торонто дахь байраа хүн амьдарч болохоор болгохын тулд 4 үүлээ эрвийх дэрвийхээрээ хөдөлсөн гэдэг.
Мей бүсгүй 3 хүүхдээ тэжээх, 4 гишүүнтэй ам бүлийн амьдралыг залгуулахын төлөө нэгэн зэрэг 5 өөр цагийн ажлыг хийж амжуулдаг байжээ. Хоолны зөвлөгөө өгдөг хоол зүйч, сургуулийн багш, модель, зөвлөх гээд олон зүйлийг хийж, орлогын эх үүсвэрийг эрэлхийлж байв. Ийм л хүчирхэг ээжээс мэндэлсэн, хамтдаа хүнд бэрхшээлийг туулж өнгөрүүлсэн учраас өдгөө Илон Маск манай гарагийн хамгийн баян хүн болж чадсан бизээ.