Лантуун дохио ТББ-аас 13 настай охины хүн амины ноцтой хэрэгт албан бус эх сурвалжаас мэдээлэл авсандаа залруулга хийв

Энэ оны наймдугаар сарын 9-ны өдөр Монгол улсад нэгэн аймшигт хэрэг гарсан нь бага насны хүүхдүүд нэгнээ хөнөөсөн байх магадлалтай гэх хэрэг юм.

Хамгийн харамсалтай нь цэцэг цэврүүхэн тоглож явах ёстой насан дээрээ яваа 11-н настай хүүхэд хэрэгтнээр шалгагдаж 13-н настай хүүхэд газар дээрээ нас барж, 7 настай хүүхэд маш хүндээр гэмтжээ. Албан бус эх сурвалжийн  мэдээгээр13 настай охиныг 61 удаа хутгалж хороосон байна.

Тус хэргийн талаар Лантуун Дохио ТББ -аас “ХҮН БАЙ” хуудсаараа дамжуулан албан бус эх сурвалжаас авсан мэдээлэл олны дунд төөрөгдөл үүсгэн, 13 настай охины хэрэгт сэжигтэн болсон хүүхдийг ял авчихсан мэтээр ташаа мэдээлэл түгээсэндээ залруулга хийжээ.

ЗАЛРУУЛГА

2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ХҮН БАЙ хуудсаар “61 удаа /БИД БҮГДЭЭРЭЭ БУРУУТАЙ !!!” гэх нийтлэлийг түгээсэн билээ. Тус нийтлэл нь иргэдэд анхааруулга өгөх зорилготой бичигдсэн. Тухайн үед хэвлэл мэдээллийн бүхий л сайтууд тус хэргийн талаар бичсэн бөгөөд бид ч мөн тус хэргийн талаар байр сууриа илэрхийлж бичсэн. Тус нийтлэлийг бичихдээ албан бус эх сурвалжаас авсан мэдээлэлд үндэслэн бичсэн бөгөөд тухайн эх сурвалжийг бид нийтлэлдээ тусгасан.

Харамсалтай нь тус нийтлэл нь шууд утгаараа гэмт хэрэгт холбогдогч хүүхдийг буруутгасан, хэрэг хийсэн мэтээр иргэдэд уншигдаж олон хүн шууд утгаараа хэрэгт холбогдогч хүүхдийг буруутгасан сэтгэгдлийг бичиж үлдээж. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “… Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. …” гэсэн заалт бий. Тус постонд нэр ус, байршил заагаагүй ч шууд утгаараа хүүхдийн ар гэр, ойр дотны хүмүүст маш хүндээр тусахуйц сэтгэгдэл, коммент бичигджээ. Мөн маш олон хэвлэл мэдээллүүд хүүхдийн хэргийг шийдэгдсэн мэт, ял авчихсан мэтээр гарчиг өгч нийтлэл түгээсэн нь хүүхдийн ар гэрт хүнд цохилт болсон болохыг тодотгоё.

Бид хүүхдийн ар гэрийнхэнтэй уулзаж тухайн пост, мэдээллийн талаар тайлбар мэдээлэл өгсөн. Мөн цаашид өөрсдийн илэрхийлж буй байр суурь, нийтлэл, мэдэгдлээ маш анхааралтай, болгоомжтой, хүний эрхийн мэдрэмжтэй байх тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлж, хүүхдийн ар гэрээс уучлалт хүсч байна. Алдаа гаргасан бол бид хариуцлага хүлээх л болно. Энэ нь ч бидний үүрэг. Харин хэвлэл мэдээлэл мөн энэ хэргийг дагаж бичсэн нийтлэл, мэдэгдлүүддээ хариуцлага хүлээхийг уриалж байна.

Бүх зүйлийн үр дүн, учир шалтгаан, нотлох баримтанд суурилж ёс зүйтэй, хүний эрхийг дээдэлсэн, хүүхдийн дээд эрх ашгийг нэгт тавьдаг байхыг уриалж байна. Нийгмийн асуудалд болгоомжтой бөгөөд хариуцлагатайгаар хандах цаг нэгэнт ирсэн. Бид алдах эрхгүй. Алдсан алдаа бүхэн тань хэн нэгний амьдралд шууд утгаараа нөлөөлдөг тул сошиал медиад маш болгоомжтой, мэдрэмжтэйгээр мэдээллээ оруулъя. Мөн бүх төрлийн мэдээллийн эх сурвалжийг нягталж, цааш түгээхийг уриалж байна.

ЛАНТУУН ДОХИО ТББ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *