МАН : Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжих боломжгүй
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдө хуралдаж, хоёр асуудал хэлэлцсэн байна. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ажлын албаны дарга С.Далхаасүрэн хэвлэлийн хурал хийв.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ :
“Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны Монгол Улсын нэгдсэн төсвийг баталсан. Ирэх жилийн төсөв маш чухал ач холбогдолтой. Хэдийгээр эдийн засгийн хямралтай байгаа ч эдийн засгаа тэлэх, хөрөнгө оруулалт болон орлогыг нэмэгдүүлэх талд чиглэсэн төсөв болсон.
Төсөв баталсантай холбогдуулж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүлгийн хуралд төсвийн зарцуулалттай холбоотой гурван чиглэлийн мэдээлэл хийсэн. Нэгдүгээрт, эдийн засгийг хэрхэн сэргээж, экспортыг хэрхэн нэмэгх вэ гэдэг асуудлаар тодорхой мэдээлэл өгсөн. Хоёрдугаарт, хүний эрхийг хангах асуудалд УИХ, Засгийн газраас анхаарах хэрэгтэй байгааг хэллээ. Гуравдугаарт, авлигатай тэмцэх чиглэлээр мөн УИХ, Засгийн газраас тодорхой ажлууд хийх хэрэгтэй байна.
Эдийн засгийг сэргээх асуудлаар Засгийн газраас ирэх долоо хоногт тодорхой шийдвэрийн төслүүдийг УИХ-д өргөн барина. Тухайн үед нь дахин ярилцахаар тогтсон. Бүлгийн хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал нь УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нарын санаачилсан, Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
Энэ хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд талцах асуудал гарсан учраас бүлгийн хурлаараа хэлэлцэж, нэгдсэн шийдэлд хүрэх нь зүйтэй гэж үзэн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаас завсарлага авсан. Тус хуулийн төсөл нь хоёр чиглэлээс бүрдэж байгаа гэж бид ойлгож байна. Нэгдүгээрт, жолоочийн хариуцлагын даатгалын санг төрд авахтай холбоотой асуудал. Хоёрдугаарт, дээрхи сангаас хохирогчдод төлөх нөхөн төлбөрийг нэмэх.
МАН бүлгийн хуралдаанаараа хэлэлцээд гишүүдийн олонхи нь Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг гишүүдийн олонх нь дэмжих боломжгүй гэж үзлээ. Дэмжихгүй байгаагийн шалтгаан нь энэ хууль хэрэгжээд 10 гаруй жил болж, тодорхой хэмжээнд нийгэмд үр дүнгээ өгч байгаа гэж үзсэн. Иймээс хувийн хэвшлийн хийж байгаа ажлыг төрд авах хэлбэрээр асуудалд хандаж болохгүй гэж МАН-ын бүлэг үзлээ” гэв.