Томоор савласан норов7, мана4 танг эмийн бүртгэлээс хасах санал гаргажээ
Нийслэлийн алслагдсан байршлуудад үйл ажиллагаа явуулж буй 92 эмийн санд худалдаалж буй эмүүдийн хангамж, хүртээмж, үнийн судалгааг гаргах, чанар аюулгүй байдал, эрсдэлээс сэргийлэх, зөвлөгөө өгөх зорилгоор шалгалт хийсэн. Шалгалтад СБД-т байршилтай 20, БГД-т 12, СХД-т 15, ЧД-т 27, ХУД-т 5, БЗД-т 13 эмийн сан хамруулжээ.
Бүтээгдэхүүний 25-30 нэрийн импортоор орж ирдэг өргөн хэрэглээний эм, эмнэлгийн хэрэгсэл, тариурууд тасарсан байгаа бол дотоодын эмийн үйлдвэрийн 10-аад нэр төрлийн судсаар сэлбэх тарилгын шингэн тасарч олдоц ховорджээ. Мөн татан авсан үнийн дүн дээр 10-30 хувийн нэмэгдэлтэй байхаар тооцож худалдаалж буй эмийн үнийг тогтоожээ. Эмийн үнийн тогтоосон дээд хязгаараас 350-2500 төгрөгөөр хэтрүүлж худалдаалсан ЧД-т үйл ажиллагаа явуулдаг Жэба, Эрдэнэ суварга, Их Цахиур ХХК-иуд байлаа.
Шалгалтын явцад нийт 87 зөрчил илрүүлж, газар дээр нь 36 зөрчлийг арилгуулжээ. Иргэн, ААН байгууллагууд 0,5 болон 1 кг-аар савласан Норов-7, Мана-4 танг худалдан авчихаад, жижиглэнгээр зарахад нь хаяг шошгын зөрчилтэй буюу гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүн зарж байна.
Тиймээс 0,5 гр болон 1 кг-аар савлах эмийн бүртгэл болон тус компаниудыг Монгол Улсын эм эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх ААН-аас хасах хүсэлтийг хүргүүлсэн. Жижгээр савлаж байгаа эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллага бий. Дээрх тангууд нь 1 гр, 3 гр, 500 гр, 1кг гэсэн савлагаатай байдаг ба хэрэглэгчдэд 1гр, 3гр савлагаа нь тохиромжтой байдаг аж. Тиймээс 500 гр, 1 кг гэсэн савлагаатай тангуудыг улсын бүртгэлээс хасуулах хүсэлтийг хүргүүлжээ.