Арьс товруутах өвчнөөр өвчилсөн 1700 үхрийг УСТГАЖЭЭ
Дорнод аймагт үхрийн арьс товруутах өвчин голомтлон гарсны улмаас 1579 үхэр устгажээ. Уг өвчин Хэнтий, Сүхбаатарт мөн тархсан бөгөөд нийтдээ 1700 гаруй үхэр устгаад байна.
Малын гоц халдварт өвчний тархалтыг хумих чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханаас тодруулахад “Үхрийн арьс товруутах өвчин Дорнод аймагт гарсан. Энэ өвчний эсрэг вакцин байхгүй. Иймд бог малын цэцэг өвчний вакциныг тав дахин нэмэгдүүлсэн тунгаар тарьж үзсэн. Нааштай үр дүн гарсан. Дархлаажуулалт 88-100 хувьтай байна. Арьс товруутах өвчин нь шавж, ялаа шумуулаар дамжин халдварладаг өвчин юм билээ.
Гэхдээ Засгийн газраар гоц халдварт өвчний жагсаалтад оруулж устгах шаардлагатай малыг устгаж байна. Одоогоор нийт 1700 гаруй үхэр устгасан. Үүний олонх нь буюу 1,579 үхрийг Дорнод аймагт устгасан байна. Бид УОК-д танилцуулаад үхрээ устгуулсан малчдад нөхөн олговор олгоно” гэлээ.