БНСУ-д 108 зул асааж байгаад өөрийн болон хөршийнхөө гэрийг шатаасан монгол залууд тэнсэн харгалзах ял оноожээ
БНСУ-ын Инчон хотод амьдардаг монгол залуу өнгөрсөн долдугаар сарын 25-ны өдөр нас барсан эмээдээ зориулан 108 зул асааж байгаад, санамсаргүй байдлаар гал алдаж өөрийнхөө болон хөршийнхөө байшинг шатаасан хэрэг гарсан билээ.
Тэгвэл тус хэргийн шүүх хурал болж Монгол Улсын иргэн А-д Солон улсын шүүхээс тэнсэн харгалзах ял оноожээ. Шүүхээс “Шүүгдэгч А нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, хохирлоо барагдуулахаар хичээн ажиллахаа илэрхийлж байгаа учир тэнсэн харгалзах ял оноов” гэжээ.
Хэргийг тодруулбал, гал гарахын өмнөх өдөр А-ийн Монголд амьдардаг эмээ нь коронавирусийн улмаас нас барсан юм. А Монгол руу буцаж очих боломжгүй байсан тул гэртээ зул асааж, талийгаачид хүндэтгэл үзүүлжээ. Гэвч зулын гал байшингийн ханын цаас руу дамжиж, А-ийн гэр болон зэргэлдээх байшин шатсан юм. Гал сөнөөгчид ирсэн боловч хоёр айлын байшин аль хэдийн шатаж дууссан байжээ. А-ийн гэр бүл гэмтэж бэртээгүй ч барилгын эзэн болон хөршүүддээ 90 сая воны нөхөн олговор олгох болоод байсан юм.