84-р сургуулиас уг хэрэгт оролцсон байх магадлалтай сурагчдын мэдээллийг ЦЕГ-т өгсөн
Ерөнхий боловсролын сургуулийн дөрвөн хүүхэд бүлэглэн нэгнээ дээрэлхэн зодож байгаа бичлэг олон нийтийн цахим сүлжээнд тархаад байгаа билээ. Уг хэргийн эзэн холбогдогч хүүхдүүд одоогоор тогтоогдоогүй байгаа бөгөөд хэрэг үйлдэгдсэн газрын ойр хавийн сургуулиудаар оролцсон байж болзошгүй гэдэг үүднээс ЦЕГ -аас мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Нийслэлийн 84-р сургуулийн нийгмийн ажилтан С.Өлзийбаяраас тодруулахад :
“Зодсон, зодуулсан аль аль нь манай сургуулийн сурагч биш. Оролцсон байж болзошгүй гэдэг үүднээс сурагчдын эцэг эхтэй холбогдон, ЦЕГ –аас манай сургууль дээр ирэн шалгалт явуулсан. Одоогоор хохирогч хүүхдийг зодсон өсвөр насны хүүхдүүд дунд манай 84-р сургуулиас оролцсон хүүхэд байна уу гэдгийг шалгах үйл ажиллагаа явагдаж байгаа.
Энэ долоо хоног цахим хичээлийн 7 хоног учраас бид хүүхдүүдэд анхаарал тавих боломжгүй эцэг эхтэйчүүдтэй нь холбогдон тодруулга аван, манай сургуулиас оролцсон байх магадлалтай сурагчдын мэдээллийн ЦЕГ -т өгсөн.
Манай сургуулийн сурагч нар биш гээд хайхрахгүй байгаа юм биш битгий оролцсон байгаасай гэж хүсэж байна. Ийм асуудал дахин битгий гараасай гэсэндээ бүх ангиудаар яван сурагчдад анхааруулж байгаа. Өмнө нь манай сургуульд нэгнээ бүлэглэн зодсон хэрэг гарч байгаагүй. Ялангуяа сүүлийн 2 жилд танхимын хичээл ороогүй болохоор сурагчдад хяналт тавихад хэцүү байлаа.
Гэсэн хэдий ч уг хэргийг үйлдсэн хүүхдүүд тогтоогдоогүй байхад бид нар хүний хүүхдийг чи зодсон уу гэж асуух эрх байхгүй” гэв.