С.Энхболд: Коронавирусний тохиолдлын тоо сүүлийн 3 долоо хоног дараалан буурлаа

Улсын хэмжээнд PCR шинжилгээгээр батлагдаж байгаа коронавирусний тохиолдлын тоо сүүлийн 3 долоо хоногт идэвхтэй буурч байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр мэдээлэв.

Тэрбээр Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн юм.

“Улсын хэмжээнд өнөөдрийнн байдлаар 9795 хүн эмчлүүлж байна. Цар тахлын оргил үед улсын хэмжээнд 22 мянган ор дэлгэж байсан бол сүүлийн үед батлагдсан тохиолдлын тоо 7 хоног тутамд 5000-аар буурч байна хэмээн Эрүүл мэндийн сайд онцлов. Улсын хэмжээнд коронавирусний нийт батлагдсан тохиолдол 640 мянга байгаа бол 1826 хүн нас баржээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, “Халдварын тоо буурч байгаа нь вакцинжуулалттай салшгүй холбоотой. Өнөөдрийн байдлаар 18-аас дээш насны иргэдийн 26 хувь нь гуравдугаар тунг хийлгээд байна. Олон улсад иргэдээ гуравдугаар тунд хамрагдахыг уриалж байгаа. Манай улс ч гуравдугаар тунд хамрагдах иргэдийг идэвхжүүлэхийг зорьж байна” гэв.

Мөн Улсын хэмжээнд энэ сарын 1-нээс урлаг, спортын үйл ажиллагааг нээсэн. Ингэхдээ гуравдугаар тунд хамрагдсан, эсвэл түргэн оношлуураар шинжилгээ өгч хариу нь “сөрөг” гарсан хүмүүсийг урлагийн тоглолт, спортын тэмцээн үзэхийг зөвшөөрсөн. Мөн төрийн байгууллагуудаас бусад аж ахуйн нэгж шинэ жилийн баяраа тэмдэглэх боломжтой гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд дурдав.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *