“Сугалааны хөтлөгчийн төрсөн эгч нь сугалаагаар байр хожсон гэх гомдол ирсэн”
“Сугалааны азтаныг тодруулах хөтлөгчийн төрсөн эгч уг сугалаагаар байр хожсон” гэх гомдол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт өчигдөр иржээ.
Энэ талаар ШӨХТГ-ын дарга Н.Бат-Эрдэнээс тодрууллаа.
-Энэ гомдлыг өчигдөр ШӨХТГ-т ирүүлсэн. Бид энэ иргэний гомдлыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн. Нотлох баримт болох материалуудыг ч мөн явуулсан.
Сугалааны азтаныг шалгаруулах нэвтрүүлгийн хөтлөгч залуу гартаа нэг сугалаа барьчхаад хольж байгаад сугалсан мэт буцаад гаргаж ирж буй бичлэг цахимд нийтлэгдсэн байсан. Уг асуудлыг мөн шалгуулж байгаа. Сугалаагаар азтан шалгаруулах үйлдлүүд ихсэж байна. Үүний ард иргэд хохирч байгааг үгүйсгэхгүй.
Бид цагдаагийн байгууллагатай хамтарсан хяналт, шалгалтыг хийж ажиллана.
-Сугалаатай холбоотой гомдол ШӨХТГТ-т хэр олон ирдэг вэ?
-Үндсэн чиг үүргийнхээ дагуу ШӨХТГ бие даан шалгаж хариуцлага тооцох үйл ажиллагааг явуулахгүй. Сугалааны ард залилан, мөнгө угаалт байхыг үгүйсгэхгүй. Тухайн компани сугалаагаар иргэдийг залилсан бол үйл ажиллаа явуулах эрхийг нь цуцлуулах саналыг ШӨХТГ-аас хүргүүлнэ.
Залилан мэхэлсэн мөнгийг буцаан иргэдийн хохирлыг барагдуулах зэрэг арга хэмжээг тухайн компанид авах юм. Энэ төрлийн гомдол, мэдээллийг шалгахад Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газартай хамтарч ажиллана. Цаашдаа сугалаа явуулдаг байгууллагуудыг бүгдийг нь шат дараатай шалгах ёстой гэж үзэж байна.