Л.Оюун-Эрдэнэ: Агаарын тээврийн либералчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын таван сайдын хамт Аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй чөлөөт уулзалт, ярилцлага хийж, салбарын мэдээлэл сонсож, оролцогчдын сонирхсон асуултад хариулж, тайлбар өгөв.
КОВИД19-ийн халдварт цар тахлын нөлөөнөөс үүдэн аялал жуулчлалын салбар урт хугацаандаа нийт 13-17 сар сул зогссоноор 2300 гаруй аж ахуйн нэгжийн 88,700 ажлын байрны 95 хувь цалин орлогогүй болсон. 2019 онд 1,6 их наяд төгрөгийн орлого олж, ДНБ-ний 7,2 хувийг эзлэх мөнгөний урсгал эргэлдэж байсан ч 2020 онд салбарын орлого 65,8 хувиар, тэр дотроо тур оператор компаниудын борлуулалт 97,6 хувь хүртэл буурчээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол улсын Засгийн газар Зах зээлийн эдийн засгийнхаа чөлөөт цусны эргэлтийг нээе гэсэн бодлого барьж байна. Бид 513 мянган өрхдөө тандалт шинжилгээ хийж, халдварын тархалтыг хумьж чадсан. Тиймээс хөл хориогоо сулруулж, цаашлаад хилээ нээнэ. Энд яригдсан асуудлуудыг нэгтгэн ирэх 7 хоногийн лхагва гаригийн Засгийн газрын хурлаар хэлэлцэн танхимын сайд нараа мэдээллээр хангаж, байр сууриа нэгтгэнэ. УИХ, хувийн хэвшлийнхэнтэйгээ хэрхэн хамтарч ажиллах бодлогоо тодорхой гаргана. Өнөөдрийн уулзалтаас та бүгдийн тавьж буй асуудлуудыг нэгтгэн дараах таван чиглэлээр анхаарч дэмжлэг үзүүлж ажиллана
1. КОВИД19- ын хүндрэлийг даван туулах эдийн засгийн дэмжлэг үзүүлнэ
2. Агаарын тээврийн либералчлал хийнэ
3. 2021.05.01-ээс хил нээх саналыг нухацтай судалж шийдвэрлэнэ
4. Визний үйлчилгээг цахимжуулж, цахим консул ажиллуулах эрхзүйн орчныг бүрдүүлнэ
5. Салбарын хэмжээнд нэгдсэн маркетинг хэрэгжүүлэхийн төлөө бүх талаар хамтарч ажиллана” гэв гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
Т.Номин