МҮБХ-ноос ДОПИНГ хэрэглэсэн 4 бөхийн нэрийг зарлалаа
Монголын Үндэсний бөхийн холбооноос допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг албан ёсоор зарлаж, тэдний В сорьцоо шинжлүүлэх хүсэлттэй холбоотой асуудалд мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд “Монголын Үндэсний Бөхийн Холбооноос допингийн шинжилгээний талаар Допингийн эсрэг мөрдөгдөж байгаа журмын дагуу 2021 оны 10-р сарын 28-ны өдөр олон нийтэд мэдээлсэн.
Журамд заасан хугацаанд нэг бөх В сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ МҮБХ-нд утсаар мэдэгдсэн боловч Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад өргөдлөө хүргүүлээгүй, сорьц шинжлүүлэх төлбөрөө шилжүүлээгүй байна. Мөн зөрчил гаргасан нэг бөх шинжилгээний хариугаа авахгүй байсан тул МҮБХ-оос түүний оршин суудаг хаягийг олж, албан ёсоор шинжилгээний хариуг хүргэж өгсөн.
Иймд 2021 оны 08-р сарын 18-ны өдөр допингийн шинжилгээ өгсөн 18 бөхөөс улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын шинжилгээний хариуг үндэслэн допингийн зөрчил гаргасанд тооцож байна. Эдгээр бөхөд тооцох хариуцлагыг МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэж тогтооно” гэжээ.