Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг томиллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг томиллоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах заалт оруулсан. Тодруулбал, “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно” гэсэн зохицуулалт орсон.

Энэ хүрээнд УИХ- дахь олонх, цөөнхийн бүлэг, Ерөнхийлөгч, Засгийн газар, ХЭҮК, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, хууль зүйн сургалт, судалгааны байгууллага, хууль зүйн их, дээд сургуулийн нийт 11 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын баг шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан байна. Ажлын багт 24 иргэн материал ирүүлснээс олонхын санал авсан Х.Хашбаатар, Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн, Ц.Давхарбаяр, Д.Эрдэнэчулуун нарыг нэр дэвшигчээр танилцуулав.

 

Томилгоог хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, “Нэр дэвшигчид УИХ-ын гишүүдтэй ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг нягталсны дараа хэлэлцэх нь зөв” гэсэн санал гаргасан ч олонх дэмжсэнгүй.

УИХ-ын гишүүн С.Чинзориг, “Нийгэмд шударга ёс тогтоох иргэдийн хүсэмжлэл өндөр байна. Энэ асуудал шүүхийг шударга болгохоос эхэлнэ. Шүүх эрх мэдэлтэй нэгэн, энгийн иргэнд хоёрт өөр ханддаг гэдэг хандлага байгаа. Тиймээс Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу байгуулж буй Шүүхийн сахилгын хороонд эхнээс нь суурийг зөв тавьж, чин үнэнчээр ажиллаасай гэж хүсч байна” гэв.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, “ШЕЗ болон Шүүхийн сахилгын хороо нь Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдэл гэдэг УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчөөс хараат бус бие даасан байх, эргээд хяналт тавих байгууллага. Тиймээс Үндсэн хуулийн суурь зарчимд хүндэтгэлтэй хандах нь чухал. Та бүхэн томилогдсоны дараа шударга ёсны хүсэмжлэлийн төлөө хийсэн реформыг баллуурдах, халтардуулах хууль бус ёс зүйн зөрчил гаргасан хэн ч байсан та нар хариуцлага тооцох ёстой” хэмээн анхааруулав.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, “Сахилгын хороо нь шүүгч нар мэргэжлийн алдаа байна уу үгүй юу гэдгийг хянах ёстой. Хоёрдугаарт, шүүгчдийн ажлын хариуцлагын асуудал. Энэ хороонд анхаарах ёстой хэд хэдэн чухал ажил бий. Шүүгч нарыг сургах, хамтын удирдлагаа сахихад анхаарах нь зөв” хэмээн захилаа.

Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76.7-88.4 хувь нэр дэвшигчдийг дэмжиж, томиллоо.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments