Б.Лхагвасүрэн: Эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн хөтөлбөр боловсруулсан
Монголбанкнаас сар тутмын ээлжит мэдээллээ өнөөдөр танилцууллаа.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Өнгөрсөн онд төлбөрийн тэнцэл 780 сая ам.долларын ашигтай гарсан. Энэ нь Монгол Улсын валютын нөөц нэмэгдэх, ханш тогтвортой байх эерэг статистик юм. 2021 онд төлбөрийн тэнцэл 500-600 сая ам.долларын ашигтай байхаар төсөөлж байгаа учир ханш дээр эдийн засгийн гадаад дотоод дарамт байхгүй гэж харж байна.
Нэгдүгээр сарын статистик мэдээллээр манай улсын гадаад худалдааны тэнцэл 181 сая ам.долларын ашигтай гарлаа. Тухайлбал, нүүрсний экспорт 2019 оны хэмжээндээ буюу коронавирусийн халдварын өмнөх үетэйгээ адил болсон гэсэн үг. Иймд нөөц нэмэгдэж, төгрөгийн ханш тогтвортой байх эдийн засгийн хандлага ажиглагдаж байна.
Мөн энэ үеэр төв банкны удирдлагууд Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн задаргааг танилцуулсан юм.
Ирэх жилүүдэд инфляц 6 хувиас өсөхгүй, нүүрсний экспорт 2019 оны үедээ эргэж очсон тул энэ хөтөлбөр төгрөгийн ханшид дарамт үзүүлэхгүй гэв.
Энэ хөтөлбөр зургаан бүрэлдэхүүнтэй: 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн хүрээнд:
- Ажлын байр хадгалахад зориулж 2 их наяд
- Ипoтекийн зээлийн санхүүжилтэд 3 их наяд
- Репо санхүүжилтэд 2 их наяд
- Стратегийн томоохон төслүүдийг дэмжихэд 2 их наяд
- Залуус, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зээлд 500 тэрбум
- ХАА-н бүтээгдэхүүн дэмжих зээлд 500 тэрбум төгрөг тус тус зарцуулна.” хэмээн хэллээ.
Т.Номин