Улаанбаатар хот суут хөгжмийн зохиолч Ф.Шопений нэрэмжит гудамжтай боллоо
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн өмчид барилга байгууламж, хөрөнгө бүртгэн авах, гудамж нэршүүлэх тухай хэлэлцэж, Тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэлээр өгсөн үүргийн биелэлтэй танилцсан юм.
Нийслэлийн өмчид сургууль, цэцэрлэг, цагдаагийн байгууллагын таван барилга болон ус түгээх таван байрыг бүртгэн авлаа. Тодруулбал, Багануур дүүргийн “Оюуны эрин” цогцолбор, Сонгинохайрхан дүүргийн 263 дугаар цэцэрлэгийн барилга, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын барилга, тус дүүргийн 299, 25 дугаар цэцэрлэгийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авлаа. Мөн Сонгинохайрхан дүүргийн 32, 33, 36 дугаар хороонд байрлах ус түгээх дөрвөн байр, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах ус түгээх байрыг нийслэлийн өмчид бүртгэв.
Мөн Баянзүрх дүүргийн Ж.Лхагвасүрэнгийн гудамжнаас зүүн тийш Рерихийн гудамжны төгсгөл, Г.Лувсанцэвээний гудамж хүртэлх гудамжийг судлаач, доктор Л.С.Соболевагийн гудамж хэмээн нэрлэв. ОХУ-ын Улаан-Үд хотын захиргаанаас НИТХ-ын даргад хандан Улаанбаатар, Улаан-Үд хотын найрамдалт харилцаа болон Монгол Улс, ОХУ-ын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын нэгэн гудамжийг ЗХУ-ын эмч Соболева Любовь Сергеевнагийн нэрэмжит болгох хүсэлтийг ирүүлсэн байна.
Л.С.Соболева нь 1943 онд манай улсад тахлын эсрэг станцын даргаар томилогдож ирсэн бөгөөд Монголын нийгэмд хор хөнөөл учруулах аюулт өвчинтэй тэмцэх, европ тогтолцооны эрүүл мэндийг бий болгоход ихээхэн хувь нэмэр оруулсан хүн юм. Монгол эмч нарыг халдварт өвчний чиглэлээр бэлтгэх дэд бүтцийг бий болгосны сацуу 1945 оны наймдугаар сард Завхан аймагт дэгдсэн тарваган тахал өвчнөөр өвдсөн таван настай Өвгөнбүргэд хүүг Любовь Соболева авч эмчилж байжээ. Хүү хожим нь анагаахын дээд сургуулийг эмчийн мэргэжлээр суралцан төгсөж, Халхын голын эмнэлгийн эрхлэгч болжээ.
Манай улс Л.С.Соболевагийн хөдөлмөр, гавьяаг үнэлж Алтангадас одоогоор, дараа нь 1964 онд БНМАУ-ын төрийн дээд одон болох Сүхбаатарын одонгоор шагнаж байсан. Мөн 1979 онд Любовь Сергеевна Соболевагийн намтар түүхийг үгүйлсэн “Есөн өдөр ба бүхэл бүтэн амьдрал” хэмээх баримтат кино хийж байжээ.