Соёлын сайд Ч.Номин “Богд Зонхова” цогцолборт хөрөнгө зарцуулахгүй болохоо мэдэгдэв
“Гацуурт ХХК” –ын ургацын талбай Төрийн ордноо ялгалгүй УИХ-ын гишүүдэд төмс тараасан гэх дуулиан нь намдаж амжаагүй байхад Соёлын сайд соёлыг түгээхээр 32 тэрбумаар “Богд Зонхова” бурхныг бүтээх ажлыг эхлүүлсэн мэдээлэл цацагдав.
Монгол улсын үндсэн хуулийн 9.1-д “Монгол улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” хэмээн хуульчилсан байдаг. Мөн шашин шүтэх, эс шүтэх нь хүний эрхийн асуудал болов ч Монгол улсын Соёлын сайд гэх эрхэм үүргийг хүлээсэн Ч.Номин шашин, төрийн үйл ажиллагааг хольж байх шиг.
Тодруулбал, Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сангаас 1.6 их наяадыг авч үрэн таран хийхээр УИХ төлөвлөж баталсан. Гэтэл гэнэт л төсвийн багагүй зардал болох 32 тэрбум төгрөгийн өртөгтэй Тасганы овоо дахь Богд Зонховын хөшөөг барих явдал болж хувирсан.
Хачирхалтай нь анх уг хөшөөг 5.5 тэрбум төгрөгийн төсвөөр бүтээн байгуулахаар Засгийн газрын тогтоол энэ онд батлагдсан байтал цаасан дээрх төсвийн зардлаасаа хэд дахин үржигдэн өртгөөр хөрсөн дээр буух болсон.
Шашин, төрийг хослуулсан засаглалаас ангижран Ардчилсан нийгэм руу шилжсэн Монголчуудын өнөөгийн амьдралд шавар баримал хэрэгтэй юу? Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрх мэдлийнхээ хүрээнд уг бүтээн байгуулалтыг эсэргүүцэх хэрэгтэй хэмээн зарим УИХ -ын гишүүд үзэж байгаа аж.
Энэ талаар Соёлын сайд Ч.Номин өнөөдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан уг цогцолборын төслөөс нэрээ татаж буйгаа нийтэлжээ.