Усны хомстолд орсон Иранчууд хоёр дахь долоо хоногтоо жагсаж байна
Ираны төв хэсэгт орших Шахре-Корд хотын оршин суугчид ундны усны хомсдолд орсонд улсынхаа эрх баригчдыг буруутган ням гарагт жагсаал хийжээ.
Ираны радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн “IRIB” корпорацын мэдээлснээр, жагсаалыг хотын төв хэсэгт зохион байгуулж, эрх баригчдын шаардлагаар дуусгасан байна. Эсэргүүцлийн ажиллагаа дундад зууны үеийн гүүрнүүдийн нэгний ойролцоо, хатаж ширгэсэн Заяндеруд голын гулдралд болжээ. Энэхүү жагсаал нь төв Исфахан мужид хоёр долоо хоног шахам үргэлжилсэн олон жижиг жагсаалын үргэлжлэл болсон байна.
Иранд сүүлийн хэдэн арван жилд тохиолдоогүй ган гачиг болсны улмаас тус улсын олон хот ундны усны хомсдолд оржээ.
Өнгөрөгч долоодугаар сард баруун өмнөд нутгийн Хузестан мужийн хэд хэдэн хотын иргэд 10 гаруй хоног дараалан жагссан байна. Жагсаал цуглааны үеэр үл таних этгээдүүд галт зэвсэг хэрэглэсний улмаас хэд хэдэн хүн амиа алдаж, хэдэн арван хүн шархадсан тохиолдол гарчээ.