Д.Амарбаясгалан: Хүний эрхийн асуудалд МАН улстөрийн манлайлал үзүүлж ажиллана
Монгол Ардын нам шат шатны сонгуулиудад оролцсон мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсад хэрэгжиж буй хууль тогтоомжуудад хүний эрхийн дүн шинжилгээ хийх “ХҮНИЙ ЭРХИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ – ТУЛГАМДСАН АСУУДАЛ – ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” сэдэвт суурь судалгааг 5 сарын хугацаанд хийлгэжээ. Суурь судалгаагхүний эрхийн чиглэлээр мэргэшсэн хуульч, судлаачдын 30 орчим хүнтэй баг, 318 хууль тогтоомжийн хүрээнд хийсэн байна.
Судалгааны дүгнэлтийг танилцуулж, хуульчдын саналыг сонсох “ХҮНИЙ ЭРХ БА ХУУЛЬЧДЫН ОРОЛЦОО” хэлэлцүүлгийг өнөөдөр /2021.11.22/ 100 гаруй хуульчдын хүрээнд зохион байгууллаа.
Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа, Үндсэн хуулиар олгосон иргэдийн эрх, эрх чөлөөний хэрэгжилт бодит амьдрал дээр ямар байгааг энэхүү суурь судалгаагаар авч үзсэн аж.
Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Энэхүү судалгааны дүгнэлтэд үндэслэн Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдлыг шинэ түвшинд гаргахын тулд Монгол Ардын Нам улс төрийн манлайлал үзүүлж ажиллана. Хуульчид, салбар салбарын мэргэжилтнүүд, иргэний нийгмийн байгууллагууд, хүний эрхийн төлөө ажиллаж байгаа хүний эрхийг хамгаалагчид, олон улсын байгууллагууд, улс төрийн намууд болон төрийн бүх шатны байгууллагуудтай өргөн хүрээнд хамтран ажиллана” гэлээ.