БНСУ-ын инженерүүд Тавантолгой Түлш компанийн зүүн бүсийн үйлдвэрийн технологийн горимыг хийж байна
Сайжруулсан шахмал түлшнийг нэмэх зорилгоор ашиглалтад оруулсан зүүн бүсийн үйлдвэр өдөрт 1000 гаруй тонн шахмал түлш үйлдвэрлэж байна.
Энэ үйлдвэр нь түлшээ газан бойлуур ашиглаж, усыг уур болгох байдлаар боловсруулах технологитой. БНСУ-ын энэ технологийг 6 шугамд суурилуулсан бөгөөд, шахмал түлш богино хугацаанд чийгээ хаяж, савлагаанд шууд шилжүүлдгээрээ давуу талтай. Мөн орчны тоосжилт, агаарын бохирдлыг багасгах үүднээс бутлуурын хэсгийн байгууламжийг газрын дор 9 метрийн гүнд байгуулжээ.
Зүүн бүсийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг БНСУ-ын “Jeil machinery” ХХК нийлүүлсэн бөгөөд компанийн удирдлагууд эдгээр өдөрт тус үйлдвэрт ажиллаж, үйлдвэрлэлийн технологийн горимын тохиргооны талаар зааварчилгаа өгч байна. Цар тахлын нөхцөл байдлын улмаас өнгөрсөн хугацаанд тус компанийн инженер технологийн ажилтнууд манай улсад ирж чадаагүй аж.
Ирэх сарын эхээр БНСУ-аас “Jeil machinery” ХХК-ийн инженер, технологичид ирж, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн суурилуулалт, технологийн горимыг үйлдвэрлэлийн жигд ажиллагаанд шилжүүлэх талаар монгол инженерүүдтэй хамтран ажиллахаар төлөвлөжээ. Зүүн бүсийн үйлдвэр ирэх сардаа багтан үйлдвэрлэлийн жигд горимд бүрэн шилжиж өдөрт 3500 орчим тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр зорьж байна.
НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн агаар орчны бохирдлын төслүүдийн удирдагч Д.Ихбаяр “Таван толгой түлш” компанийн зүүн бүсийн үйлдвэрийн ажилтай танилцсан юм. Энэ үеэр Ж.Батбаясгалан “Зүүн бүсийн үйлдвэр технологийн хувьд сайжирсан. Үйлдвэрлэсэн түлшийг хатаах, савлах үйл явцыг богино хугацаанд шийдэж буйгаас гадна бүтээгдэхүүний бат бөх байдал сайжирна. Ингэснээр түлшний аюулгүйн нөөцийг бүрдүүлэх ажил ч давхар шийдэгдэнэ” гэлээ. Мөн тэрбээр “Цаашид зүүн бүсийн үйлдвэр дээр гурван шугам нэмж байгуулбал баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэснээс бага зардлаар Улаанбаатарыг түлшээр хангах боломжтой”-г онцоллоо.