Их Британи Африкийн зургаан орныг аялал жуулчлалын улаан жагсаалтдаа оруулна
Их Британи “COVID-19” халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх аялал жуулчлалын улаан жагсаалтдаа Өмнөд Африк тэргүүтэй Африк тивийн зургаан орныг нэмж оруулахаар болжээ.Зорчих хөдөлгөөний хатуу хязгаарлалтууд бүхий энэхүү жагсаалтаас сар орчмын өмнө бүх орныг хасаад байсан юм.
Харин Өмнөд Африк, Ботсванад “COVID-19”-ийн “B.1.1.529” гэх шинэ хувилбар илэрсэнтэй холбогдуулан эдгээр хоёр орноос гадна Намиби, Зимбабве, Лесото, Эсватини улсуудыг өнөөдрөөс улаан жагсаалтад оруулахаар болсныг Их Британийн Эрүүл мэндийн сайд Сажид Жавид мэдэгдсэн байна. Ингэснээр эдгээр орноос Их Британид ирэх иргэдэд тусгаарлагдах шаардлага тавих бөгөөд улс хоорондын нислэгүүдийг түр хугацаагаар зогсооно.
“Одоогоор цуглуулаад буй мэдээллээс үзэхэд шинэ хувилбар нь “Дельта”-гаас илүү халдварлах чадвартайгаас гадна вакцинуудын үйлчлэлд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Цаашид энэ талаар үргэлжлүүлэн судлах шаардлагатай. Их Британийн судлаачид энэ талаар ихэд санаа зовниж байна” гэж С.Жавид хэлжээ. “BBC” телевизийн мэдээлснээр, “B.1.1.529”-өөр халдварласан 59 тохиолдол Өмнөд Африк, Ботсвана, Хонконгт бүртгэгдээд байна.