Oмикрон хувилбарын тохиолдлууд Канад, Австралид илэрч, Израиль улс хилээ хаалаа
Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад илэрсэн коронавирусийн Омикрон хувилбарын тархалт дэлхийн улс орнуудад нэмж илэрсээр байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага шинэ хувилбарын аюул тодорхой болоогүй байхад хилээ хаахгүй байхыг уриалсан ч олон улс орон Африкийн зарим орнуудаас ирэх зорчигчдыг нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргажээ.
Эдгээрээс хамгийн эрс хатуу шийдвэр гаргасан нь Израиль, Марокко улсууд болж байна.
Израиль улс гадаадын бүх иргэдэд хилээ хаахаар болсон бол Марокко улс өнөөдрөөс эхлэн хоёр долоо хоногийн хугацаанд гадаадаас ямар ч нислэг хүлээж авахгүй байхаар шийджээ.
Нидерланд улсад Өмнөд Африкаас ирсэн зорчигчдын дотор Омикрон хувилбараар халдварласан 13 тохиолдол илэрснийг Ням гарагт зарласан байна. Мөн Канад улс Нигери улсаас ирсэн зорчигчдоос Омикроны анхны хоёр тохиолдлыг илрүүлснээ зарлажээ.
Сидней хотод Африкийн орнуудаас ирсэн хоёр зорчигчоос шинэ хувилбарын тохиолдол илэрснийг Австралийн засгийн газар Ням гарагт мэдээлсэн байна. Тус улс Африкийн есөн орноос ирэх зорчигчдыг зочид буудалд тусгаарлах журам хэрэгжүүлж эхлээд байгаа.
Франц улсад Омикрон хувилбараар халдварласан байж болзошгүй найман тохиолдлыг бүртгэж, хяналтдаа авсан тухай тус улсын эрүүл мэндийн яам өчигдөр мэдээлсэн байна.
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын засгийн газар өчигдөр “вирусийн шинэ хувилбарыг шуурхай илрүүлж, дэлхий дахинд анхааруулсныхаа төлөө хилийн хоригоор шийтгүүлсэндээ харамсаж байгаа”-гаа илэрхийлээд тавьсан хоригийг нь цуцлуулахын төлөө улс орнуудтай хамтран ажиллахаа мэдэгджээ.
ДЭМБ мөн Африкийн орнуудын талд байгаагаа мэдэгдээд шинжлэх ухааны үндэслэлгүй, сэтгэлийн хөдлөлөөр хилийн хориг тавихгүй байхыг дэлхийн улс орнуудад уриалсан байна.
Эх сурвалж: AFP