Нийт халдварт өвчний дунд бэлгийн замаар дамжих халдварын өвчлөл тэргүүлж байна
“Коронавируст халдварын цар тахлын үед БЗДХ, ХДХВ, ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” нөлөөллийн уулзалт болжээ.
Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд манай улсад бүртгэгдсэн нийт халдварт өвчний дунд бэлгийн замаар дамжих халдварын өвчлөл тэргүүлэх байрыг эзэлсээр байгаа юм.
Дэлхийн Эрүүл мэндийн ерөнхий чуулганаар баталсан “Бэлгийн замаар дамжих халдвартай тэмцэх эрүүл мэндийн салбарын стратеги”-т 2030 онд төрөлхийн тэмбүү өвчний тохиолдлыг 100,000 амьд төрөлтөд 50-аас доош болгох, тэмбүү өвчний шинэ тохиолдлын тоог 90 хувиар бууруулахаар заажээ.
Монгол Улсын Засгийн газраас бэлгийн замаар дамжих халдвар, төрөлхийн тэмбүү өвчний тохиолдлыг бууруулах зорилгоор “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр: Тэмбүүг устгая” хоёр жилийн үйл ажиллагааг тус яамнаас 2019 оны 7 сараас улс орон даяар эхлүүлсэн аж.
Хүн ам, ялангуяа эрсдэлт бүлгийн хүн амыг халдварт болон халдварт бус өвчний цогц үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж, энэ хоёр жилийн хугацаанд давхардсан тоогоор 1.1 сая хүнд тэмбүүгийн халдвар илрүүлэх шинжилгээ хийж 11.4 мянган шинэ тохиолдлыг илрүүлж, эмчилэжээ.
Мөн “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны үр дүнд жирэмсний хяналтын чанар сайжирч, 2019 онд 66 тохиолдол бүртгэгдэж байсан төрөлхийн тэмбүү өвчний тоо 2020 онд 37 болж, 44 хувиар, 2021 оны эхний 10 сард 14 тохиолдол болж 74 хувиар тус тус буураад байгаа талаар нөлөөллийн уулзалтаар мэдээллээ.