УОК: Эрсдэлтэй улсаар зорчсон, халдвар бүртгэгдсэн улс орноос ирж буй иргэдийг өдрийн 100 мянган төгрөгөөр тусгаарлана
УОК-ын хуралдаанаар /2021.11.27/ коронавирусийн халдварын “Омикрон” хувилбар бүртгэгдсэн улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн, халдвартай бүсээр аялсан иргэдийг өөрсдийнх нь зардлаар 10 хоног тусгаарлах, нисэх онгоцны буудал, авто замын боомт, хилийн шалган нэвтрүүлэх орчимд иргэд, зорчигчдоос шинжилгээ авах шийдвэрийг гаргасан билээ.
Энэ талаар УОК-оос тодруулахад “0-3 насны хүүхдийг тусгаарлахад мөнгө авахгүй. Харин том хүн нэг өдрийн 100 мянган төгрөг, 3-17 насны хүүхэд өдрийн 50 мянган төгрөгөөр тусгаарлахаар болсон. Мөн гаднаас ирж буй хүн бүрийг тусгаарлахгүй бөгөөд зөвхөн эрсдэлтэй улсаар зорчсон, халдвар бүртгэгдсэн улс орноос ирж буй иргэдийг тусгаарлана” гэв.
Тухайн эрсдэлтэй бүсээс ирж буй иргэд ирэхээс өмнө УОК-ын дансанд тусгаарлалтын мөнгөө байршуулах ёстой аж. Харин буудлыг УОК-оос хувиарилах юм байна.
Өнгөрөгч Бямба гарагт УОК–ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр зочид буудлын үйл ажиллагаа эрхлэгчдийн төлөөлөгчдийг хүлээж авч уулзжээ. Ингэхдээ 10 орчим зочид буудлын төлөөлөл оролцож, тулгамдаж буй асуудал, үйлчилгээ үзүүлэх төлбөр, хоол, хүнс, эрүүл ахуй үйлчилгээний талаар санал, бодлоо хуваалцжээ. Тэд хил хаагдсантай холбоотойгоор бараа материал, хоол хүнсний үнэ нэмэгдсэн талаар хэлсэн нь тусгаарлалтын үнэ өөрчлөгдөхөд хүргэсэн гэв.
Омикрон хувилбар өнөөдрийн байдлаар дэлхийн 20 орчим оронд бүртгэгджээ. Тодруулбал, Нидерланд, Дани, Австрали, Ботсвани, Их Британи, Итали, Герман, Бельги, Израйль, Хонгконг, Канад, Чех зэрэг орнуудад бүртгэгдээд байна.