Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний мото буудлагын батальон ээлж хүлээлцлээ

Өмнөд Суданд явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний Х, ХI ээлжийн мотобуудлагын батальоны ээлж хүлээлцэх ёслолын ажиллагаа энэ сарын 26-ны өдөр Бентью хот, Хубилай баазад болжээ.

Энэ үеэр хурандаа О.Заяат захирагчтай XI ээлжийн мотобуудлагын батальонд НҮБ-ын далбаа болон Монгол Улсын Төрийн далбаа, цэргийн багийн захирагчийн тамгыг албан ёсоор хүлээлгэж өгсөн тухай Ахлах дэслэгч Ц.Бадамсүрэн мэдээллээ.

Ёслолын ажиллагаанд Юнити секторын командлагчийн орлогч, хурандаа Мухамед Кашип Наиим, секторын Хүчний штабын нэгжийн дарга нар болон бусад албаны зочид оролцов.

Юнити секторын командлагчийн орлогч, хурандаа Мухамед Кашип Наиим “Би энд Монгол Улсын тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан цэргийн багийн ээлж хүлээлцэх ёслолд ирээд байна.

 

 

 

 

 

 

 

Монгол Улсын мотобуудлагын батальон нь үүргээ үлгэр жишээ гүйцэтгэсний зэрэгцээ иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан. Та бүхэн НҮБ-ын үнэт зүйлийг сурталчлах, орон нутгийн иргэдийг хамгаалах болон Юнити секторт амар тайван байдлыг тогтоохын тулд ихээхэн хичээл зүтгэл гаргасныг өндрөөр үнэлж байна” гэв.

Энэ үеэр мотобуудлагын батальоны захирагч, хурандаа Д.Энхбаатар “Эх орон, төр, ард түмнээ төлөөлөн Зэвсэгт хүчнийхээ өмнө хүлээсэн хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг залгамжлан авч буй XI ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний ажиллагааны өмнөх сургалт бэлтгэл болон ажиллагааны газар орон дээр ажил, үүргээ хүлээж авах явцад олж авсан туршлага, сургамжууд нь цаашдын үүрэг гүйцэтгэлт, хувь хүний хөгжил, цэргийн хэргийн мэдлэг, дадлагад ихээхэн түлхэц болно гэдэгт итгэл дүүрэн байна” хэмээсэн юм.

 

 

 

 

 

 

 

Мотобуудлагын батальоны захирагч, хурандаа О.Заяат “Өмнөх ээлжийн цэргийн багийнхаа нийт бие бүрэлдэхүүний ололт амжилтыг улам бататгаж, бид бүхэн үүргээ амжилттай биелүүлэх болно” гэдгийг онцлоод монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөн, дэлхийн чихнээ дуурсгасан энхийг сахиулагчдынхаа цаашдын ажил үйлсэд нь их амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөлөө.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *